Дэлхийн худалдааны байгууллагыг шүүмжилжээ

Дэлхийд | Улс төр
172@montsame.mn
2018-08-05 13:59:46
ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Дэлхийн худалдааны байгууллагыг (ДХБ) “бүх нийтийн гамшиг” хэмээн нэрлэж, Америкийн өмнөх үеийн удирдагчдын эдийн засгийн салбарт явуулж байсан үйл ажиллагааг шүүмжилсэн тухай ТАСС агентлаг мэдээлэв.
 
“Хятад улс ДХБ-д элссэнээс хойш зөвхөн Огайо муж улс л гэхэд аж үйлдвэрийн салбартаа 200 мянга гаруй ажлын байраа алдсан. Олон арван жилийн турш АНУ-ын улс төрчид тус улсын ажлын байруудыг хулгайлах, баялаг хийгээд эдийн засгийг тонон дээрэмдэх боломжийг бусад улс оронд олгож иржээ. Тэд ихэнхдээ санаатайгаар ийм үйлдэл хийж байсан хэмээн би бодохгүй байна. Тэд зүгээр л юу хийж буйгаа мэддэггүй, ойлгодоггүй байсан” гэж Америкийн төрийн тэргүүн Огайо муж улсад дэмжигчидтэйгээ уулзахдаа мэдэгдсэн байна.
 
Трамп ДХБ-ыг нэг бус удаа шүүмжилж байсан бөгөөд “ДХБ Хятадад хөнгөлөлт үзүүлэн давуу тал бүрдүүлж өгч, АНУ-ын хувьд шудрага бусаар хандаж байна” гэж энэ оны дөрөвдүгээр сард Twitter хуудастаа бичиж байсан байна. Цагаан ордны тэргүүн ДХБ-д шинэтгэл хийх бодолтой байгаагаа мөн мэдэгдэж байсан юм.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ