Өмнөд Суданы мөргөлдөөнд оролцогч талууд энхийн гэрээ байгуулжээ

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-08-06 09:47:49
twitter.com/Nyamkanmk
ХАРТУМ. /NHK/. Өмнөд Суданы Засгийн газар болон Засгийн газрыг эсэргүүцэгч хүчин энхийн гэрээ байгуулсан байна.

Өмнөд Суданы Ерөнхийлөгч Сальва Киир болон эсэргүүцэгч хүчний тэргүүн Рик Мачар нар ням гарагт Суданы нийслэл Хартум хотод уулзаж, энхийн гэрээнд гарын үсэг зуржээ.

Энэхүү гэрээний хүрээнд Рик Мачар Өмнөд Судан руу эргэн ирж, тэргүүн дэд Ерөнхийлөгчийн албыг хаших ажээ. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Сальва Киирийн нам болон Засгийн газрыг эсэргүүцэгч хүчин хоёр Өмнөд Суданы Засгийн газар, Парламентын суудлыг тэнцүү хуваахаар тохиролцсон байна.

Уг энхийн хэлэлцээрийг зуучилсан Суданы Засгийн газрын албан хаагчийн мэдээлснээр, уг гэрээний хүрээнд талууд гал зогсоохоо илэрхийлжээ.

Газрын тосоор баялаг Өмнөд Судан нь 2011 онд Суданаас салж, тусгаар улс болсон билээ. Гэвч хоёр жилийн дараа тус улсад иргэний дайн дэгдэж, уг хямралын улмаас тус улсад хэдэн арван мянган хүн амиа алдаж, дөрвөн сая гаруй хүн эх орноо орхин дүрвэсэн байна.

2015 онд мөргөлдөөнд оролцогч талууд гал зогсоох дэглэм тогтоосон боловч удалгүй дэглэм нуран унасан юм.
 
Д.Нямтулга

 
Холбоотой мэдээ