Монголд жижиглэн худалдааны салбар тэлсээр байна

ДЭЛХИЙД | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.gov.mn
2018-08-13 15:58:27
twitter.com/Nyamkanmk
СИДНЕЙ. /Retalkasia/. Монгол улсын жижиглэн худалдааны салбар Азийн хамгийн сонирхолтой зах зээлүүдийн нэг юм. Асар их эрдэс баялгийн ачаар Монголын эдийн засаг эрчимтэй өсч байгаагийн зэрэгцээ чинээлэг, барууны соёлд нэвтэрсэн дунд давхаргынхан олноор бий болж байна.

Өндөр үнэтэй брэндүүд Монголын шинэ баячуудыг тодотгох илэрхийлэл болсон, үүний зэрэгцээ түрээсийн орлого, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ өндөр учраас жижиглэн худалдаа болон үл хөдлөх хөрөнгийн бизнес тус улсад ихээхэн хөгжиж байна.

Улаанбаатар хотын жижиглэн худалдааны салбар хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихэд татаж байгаа нь хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой. Нэгдүгээрт, Монголын макро эдийн засгийн хэтийн төлөв маш хүчтэй байгаагийн зэрэгцээ орлогын асар их өсөлт бий болно гэсэн таамаг байгаа явдал юм.

2010 оны дунд үед түүхий эдийн үнэ суларсан болон эдийн засгийн буруу менежмент явуулснаас болж гадаадын хөрөнгө оруулалт зогссон, мөн уул уурхайн салбарын хөгжил гацаанд орсон зэрэг шалтгаанаас болж Монгол улс хүндхэн байдалд орсон билээ.

Гэвч тухайн үеэс хойш дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ өсч, засгийн эрх баригчид ухаалаг бодлого хэрэгжүүлсний үр дүнд Монголын эдийн засаг дахин сэргэж эхэлсэн. Монголын одоогийн Засгийн газар төсвийг нэгтгэх, эдийн засгаа төрөлжүүлэх зорилготой томоохон шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Үүний зэрэгцээ Монголын уул уурхайн салбар хөгжсөөр байгаа бөгөөд үүний нэг тод жишээ нь “Оюу толгой” мега төсөл юм. Уг орд 2025 он гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллах төлөвтэй байна. Монголын эдийн засгийн өсөлт энэ онд 6.1 хувьтай гэж Дэлхийн банк таамагласан бол шинжээчид мөн адил тус улсын өсөлт энэ хэвээр байна гэж үзжээ.

“Улаанбаатар хотын жижиглэн худалдааны зах зээл тус хотын хамгийн сонирхол татахуйц хөрөнгийн зах зээл болоод байна. Орлого нэмэгдэж, хөгжил дэвшил үргэлжилсээр байгаа нь жижиглэн худалдааны зах зээлийг улам бүр тэлэхэд хүргэсэн” гэж Ази-Номхон далайн хөрөнгө оруулалтын группын шинжээч Эндрю Хэйли хэлжээ.

Үл хөдлөх хөрөнгийн зах зээл нь орлого нэмэгдэх болон жижиглэн худалдааны зах зээлээс шууд хамааралтай. 2017 онд Монголын өрхийн орлого 10.4 хувиар өссөн нь 10 жилийн өмнөхөөс 6 дахин өссөн үзүүлэлт юм. Цаашид орон сууц болон бусад төрлийн зээл нэмэгдээд ирэхээр үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн тэлэлт улам бүр хурдасна.

Үл хөдлөх хөрөнгийн зах зээл тэлэхийн хажуугаар жижиглэн худалдаа газар авч байна. 2017 оны гуравдугаар сараас 2018 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд жижиглэн худалдаа 15.5 хувиар тэлсэн байна. Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд “Rolex”, “Gucci”, “Shangri-La” зэрэг дэлхийн топ брэндүүд Монголд орж ирснээр тус улс тансаг хэрэглээнд аль хэдийн дассан байна. Энэ байдал жижиглэн худалдаа эрхлэгчдийн санхүүгийн байдлыг хүчирхэгжүүлж байгаа юм. “Mongolian Properties” компанийн судалгаагаар, тус компанийн менежерүүдийн 79 хувь нь 2018 онд борлуулалтаа өсгөнө гэсэн тооцоотой байгаа нь жижиглэн худалдаа тэлж байгаагийн илрэл юм.

Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд бий болсон онцгой нөхцөл байдал нь хөрөнгө оруулалт хийх тохиромжтой цаг нь ирснийг илтгэж байна. Эрэлт нэмэгдэж байгаа хэдий ч хөрөнгө оруулагчид оффис болон орон сууцны төслүүдэд илүү ихээр анхаарал хандуулж, жижиглэн худалдааны орон зайн нийлүүлэлт аажмаар өсч байна. Үүний үр дүнд жижиглэн худалдааны зах зээлийн эзлэх хувь нэмэгдэж байгаагийн сацуу ирээдүйн нийлүүлэлт хялбархан бий болох юм.

Гэвч зах зээлүүд хоорондоо маш сайн хосолж, эрчимтэй тэлж байгаа нь Улаанбаатар хотын жижиглэн худалдааны орон зайд маш хүчтэй шахалтыг бий болгож хэдий ч иймэрхүү бэрхшээл нь эргээд жижиглэн худалдааны орон зайн нийлүүлэлтийн хуваарилалтыг бий болгож байгаа юм.

Улаанбаатар хотын төв Сүхбаатар дүүрэг аль хэдийн байшин барилгаар дүүрсэн. Тус дүүрэгт 10 мянган метр хавтгай дөрвөлжин жижиглэн худалдааны орон зай ирэх хэдэн жилийн хугацаанд ашиглалтад орно. Бизнесийн төв болсон энэ дүүрэгт орон зай хязгаарлагдмал болсон учир одоо Хан-Уул дүүрэг шинэ төслүүдийн гол талбар болоод байна. Иймэрхүү гол байршлуудад үйл ажиллагаа явуулах нь өндөр өгөөжтэй бөгөөд үнийн өсөлтийг бий болгодог.

Жижиглэн худалдааны салбарт боломж их байгаатай холбогдуулан Ази-Номхон далайн хөрөнгө оруулалтын групп чухал хоёр төсөлд хөрөнгө оруулалт хийгээд байгаа нь тун удахгүй ашиглалтад орох юм. Эхнийх нь “Olympic Residence” их дэлгүүр. Бизнесийн төв дүүрэгт байрлах энэхүү барилга нь 5000 метр хавтгай дөрвөлжин жижиглэн худалдааны талбайтай юм.

Харин хоёр дахь нь 8000 метр хавтгай дөрвөлжин жижиглэн худалдааны талбайтай “Village @ Nukht” төсөл юм. Улаанбаатар хотын олон тооны чинээлэг иргэн өвлийн утаанаас зайлсхийхийн тулд Нүхт рүү хошуурах болсон бөгөөд уг төсөл нь эдгээр чинээлэг иргэдийн өндөр эрэлтийг хангадаг байна. Энэ төслийн хүрээнд гадаа болон дотор байрлалтай жижиглэн худалдааны 18 нэгж, таван ресторан, паб, супермаркет, биеийн тамирын заал, оффисын 10 өрөө, хуримын болон үдэшлэгийн танхим ашиглалтад оржээ.

Д.Нямтулга
Холбоотой мэдээ