Шадар сайд үер, усны ослоос сэргийлж, өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-08-18 01:22:59
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Улсын Онцгой комиссын ажлын хэсэг долоо, наймдугаар сард тохиолдсон үерийн хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаа өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, аймгуудын Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл, заавар зөвлөмж өгч, нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор орон нутагт ажиллаж байна.
Энэ хүрээнд 2018.08.16 өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд ажиллалаа. Тус суманд ажиллахдаа Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, үер усны нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хэрхэн хангаж байгаа талаар мэдээлэл сонслоо.
Дархан-Уул аймгийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Засаг даргын нөөц хөрөнгөөс нийт 11,5 сая төгрөгийг шийдвэрлэн, дэд бүтцийн болон өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд төлөвлөгөөт ажлын гүйцэтгэл 65.1 хувьтай байгаа аж.
 
Тулгамдаж байгаа дараах асуудлыг аймгийн Засаг даргын орлогч дарга Т.Ганболд танилцуулсан юм. 

Дархан сумын 15-р багийн нутаг дэвсгэрт 2 км үерийн уснаас хамгаалах бетон доторлогоотой суваг шинээр байгуулах
• Мөн багийн нутаг дэвсгэрт байрлалтай 821 м урт, 11 м өндөр хуучин үерийн боомтыг сэргээн засварлах /Төсөвт өртөг - 2.1 тэрбум төгрөг/
• Хонгор сумын ЭМТ, Дархан сумын Госхот, МЭДСТОБ өрхийн ЭМТ-үүдэд яаралтай тусламжийн 3 авто машин дутагдалтай
• Хавар, зуны улиралд бороо их хэмжээгээр орсны улмаас Дархан сумын 15-р дунд сургууль, 21, 22-р цэцэрлэгүүдийн дээврээс их хэмжээний ус гоожиж дээрх 3 барилгын 5936,2 м.кв дээврийн засварт 300.0 орчим сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай.
• Аймгийн өвс, тэжээлийн аюулгүй нөөцийг хадгалах газар шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.

Харин Сэлэнгэ аймгийн хувьд өнгөрсөн долоодугаар сарын 17-нд Сэлэнгэ аймгийн төв, Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт хүчтэй аадар бороо орсны улмаас цахилгаан эрчим хүч, харилцаа холбоо, инженерийн шугам сүлжээ тасалдаж, олон улсын болон орон нутгийн авто зам, төмөр замын хэсэгт саатал үүсч, нийтийн орон сууц, гэр байшин үерийн усанд автжээ. Үерийн улмаас нийт 1,6 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Тиймээс энэхүү хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтээ Улсын Онцгой комисст илэрхийлсэн юм.
Мэдээллийн дараа, Шадар сайд Ө.Энхтүвшин дээрх хоёр аймгийн удирдлагуудад, орон нутгийн эрчим хүчний үйлдвэр, нийт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өвлийн бэлтгэлийг сайтар хангуулж, нүүрс, түлшийг бэлтгүүлж, шаардлагатай аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, орон сууцны цэвэр бохир ус, дулааны шугам хоолой, авто замын засвар үйлчилгээг хугацаанд нь хийж дуусгах, ургац хураалтад ажиллах хүн хүч, техникийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулан цаг агаарын гамшигт үзэгдлээс ургацаа хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, үерийн улмаас учирсан хохирлын хэмжээ, гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгоход зарцуулсан зардлыг нарийвчлан тогтоох үүрэг чиглэл өглөө.
 
 
Л.Отгонбаатар
 

Холбоотой мэдээ