"Ард түмний олонхийн засаглал" нам байгуулснаа зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2018-08-27 16:52:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТОЗ хөдөлгөөнөөс өнгөрсөн ням гаригт “Ард түмний олонхийн засаглал” намын анхдугаар хурлаа хийснээр Монгол Улсад 31 дахь улстөрийн нам байгуулснаа зарлав.
Намын даргаар сонгогдсон философич хуульч Ц.Нарангэрэлийн хэлж буйгаар “Ард түмнээр овоглосон намын хувьд бид маш их өндөр итгэл, хариуцлага хүлээж байна. Бидний зорилго, одоо ажиллаж буй бусад намуудаас ялгарах онцлог гэвэл оффшорч, авлигачдын эсрэг ард түмний хөдөлгөөнөөс үүссэн, нам бус иргэдийн байгуулж буй, нам бусчуудын нам гэж ойлгож болно” хэмээн онцлов. Тэрээр, АТОЗ бусад намаас ялгарах нь бодлогын нам байж, авлигачидтай тэмцэж, төрөө оффшорчдоос салгах тэргүүн зэргийн зорилт хэвээр байх болно” гэв.
Шинэ нам байгуулах хуралд гадаадад суугаа монголчууд, мөн орон нутгийн төлөөлөл 300 шахам хүн оролцож нийгэм, улстөрийн асуудлаар санаа бодлоо солилцон намын дүрэм, мөрийн хөтөлбөртөө “АТОЗ нийгмийн ардчиллын төлөө, зүүн төвийн үзэл баримтлалтай, үндэсний үзэл санаатай, иргэдийн нэгдсэн байгууллага” гэж тусгажээ. Шинэ намын Ерөнхий нарийн бичгийн даргаар мөн хуульч А.Батдоржийг сонгожээ. 
Б.Болд
 
 
 

Холбоотой мэдээ