Тариаланчид ургацын талбай руугаа шинэ техниктэй гарч эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-08-31 10:12:10
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жил улсын хэмжээнд 497 мянган га талбайд тариалалт хийснийг өмнөх жилтэй харьцуулахад ойролцоогоор 2 дахин их ургац хураан авах төлөвтэй байгааг ургацын урьдчилсан балансаар тогтоод байна.
Есдүгээр сараас улс орон даяар ургац хураалтын ажил жигдэрч эхэлнэ. Намрын ид ажлын өмнө тариаланчид бэлтгэл ажлаа базааж ОХУ-аас оруулж ирсэн шинэ техникээр ургацаа технологийн дагуу богино хугацаанд амжилттай хураан авахаар гарч байна.
ХХААХҮЯ-ны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ аймгийн Хөтөл дэх салбарт гэхэд 8 дугаар сарын 6-нд ОХУ-аас оруулж ирсэн газар тариалангийн зориулалт бүхий 20 гаруй нэр төрлийн 200 орчим шинэ техник, тоног төхөөрөмжийг хүлээн авч тариалан эрхлэгч ААН, байгууллага, иргэдэд жилийн 4.62 хувийн хүүтэй, урьдчилгаа төлбөртэй, 60 сарын хугацаанд түрээсийн гэрээ байгуулан олгоод байна. Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Дорнод аймгийн тариаланчид өндөр хүчин чадалтай үр тарианы “Акрос-585”, “Вектор-410” комбайнуудаар техникээ шинэчлэхийн сацуу ургац хураалтын өмнө комбайнуудын ерөнхий бүтэц, зохион байгуулалт, технологийн ажиллагаа, дагалдах хэрэгслийн талаар операторчдод сургалт явуулаад байна.

Сургалтын үеэр “Акрос-585” (хүчин чадал: 280 м.х.9 м жатка), “Вектор-410” (210 м.х 7 м жатка подборщикны хамт) үр тарианы комбайн нь 1000 га-гаас дээш талбайд тариалалт хийдэг аж ахуйн нэгжид илүү тохиромжтойг танилцуулжээ. Монгол орны онцлогт тохирсон, түлшний сав том учраас 16 цаг тасралтгүй ажиллаж, ажлын бүтээмж өндөр, пункерийн багтаамж ихтэй тул их хэмжээний буудай нөөцлөхөд боломжтой аж. 10 жилийн хугацаанд тухай бүрт засвар үйлчилгээ хийгээд явахад эдэлгээ удаан, чанартай, баталгаатай гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Жолоодоход эвтэйхэн, хурд хүч сайтай, комбайны кабинаасаа оператор үр тариаг хаягдал хураах, алдагдлаа тооцох, тохируулга хийх боломжтойг онцолсон.
Б.Болд
 
Холбоотой мэдээ