Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний үнэ 300-9500 төгрөгөөр нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-08-31 13:11:23
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Хот, хоорондын тээвэр эрхлэгчдийн нэгдсэн холбооноос удаа дараа санал, шаардлага ирүүлсний дагуу эдийн засгийн тооцоо судалгааг хийж, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн үнэ, тарифт 9 дүгээр сарын 1-нээс эхлэн  өөрчлөлт оруулж, зохицуулалт хийхээр болжээ.

Зам, тээврийн сайдын 2013 оны “Автотээврийн жишиг тариф шинэчлэн батлах тухай” 162 дугаар тушаалаар хот хоорондын зорчигч тээврийн 1 хүн.км-ийн жишиг тарифыг том болон дунд оврын автобусанд 45-55 төгрөг, бага оврын тээврийн хэрэгсэлд 55-65 төгрөг байхаар баталсан байдаг. Батлагдсан жишиг тарифтаа хүрдэггүй болон жишиг тарифтаа хүрсэн ч шатахууны үнийн өсөлтөөс алдагдалтай ажиллаж буйг хот, хоорондын тээвэр эрхэлдэг 40 орчим аж ахуйн нэгж үнэ нэмэх асуудлаар удаа дараа шаардлага тавьж иржээ. 

Тухайлбал, хамгийн ойр чиглэл болох Төв аймгийн Зуунмод хүртэл 300 төгрөгөөр, хамгийн хол чиглэл буюу Ховд аймгийн Булган сум  9500 төгрөгөөр нэмэгдэх тооцоо судалгааг гаргасан байна.

Энэ талаар АТҮТ ТӨҮГ-ын Тээвэр зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Тэмүүжингээс тодрууллаа.
 
-Орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээний үнэ тарифт өөрчлөлт орж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгөөч.

-Хот хоорондын зорчигч тээврийн жишиг тариф 2013 онд сайдын тушаалаар батлагдсан байдаг бөгөөд 1 хүн.км-т  45-55 төгрөгөөр тээвэрлэхээр тогтоож өгсөн байдаг. Үүний дагуу өнөөдрийг хүртэл тээвэрлэгч аж ахуй нэгж байгууллагууд энэхүү тарифын хүрээнд явж ирсэн. Харин 2013 онд 1 литр дизель түлшний үнэ 1780 төгрөг байсан бол өнөөдөр 2100-2300 төгрөгийн өөрчлөлт гарсан буюу 18 хувиар өссөн хэдий ч тариф хэвээрээ явж ирсэн тул мэргэжлийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн хүсэлт, шаардлагын дагуу тарифт сайдын батласан жишиг тарифт багтааж тодорхой зохицуулалтыг хийж байна.

-Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний хэдэн чиглэлд хэдэн төгрөгөөр нэмэгдэж байна вэ?

-Хот хоорондын 71 чиглэлд 59 гэрээтэй аж ахуйн нэгж үйлчилгээ эрхэлж байна. Эдгээр чиглэлээс тодорхой тооцоо судалгааны үндсэн дээр зохицуулалтыг хийж, 60 чиглэлд тухайн зорчих чиглэлээсээ хамаарч 300-9500 төгрөгөөр өөрчлөлт орж байна. Ихэнх чиглэл дундажаар 2000-2500 төгрөгөөр нэмэгдэх тооцоо судалгаа гарсан.








Холбоотой мэдээ