Амбулаторийн хүлээлт 3-6 хоног болж буурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
mn_tuul@montsame.mn
2015-12-09 16:35:28

Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар өнгөрсөн сарын 16-ны өдрийн 449 дүгээр тушаалаар эрүүл мэнд, спортын байгууллагуудад хандаж сахилга-хариуцлага-дэг журмыг сайжруулах үүрэг даалгавар өгсөн. Дээрх тушаалын хэрэгжилтийн хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн амбулаторийн хүлээгдэл 7-14 хоног байсныг 3-6 хоног болж буурчээ.

Тус эмнэлэг орны хүлээгдлийг бууруулах зорилгоор амбулаторид ор хүлээгдэж байгаа кабинетуудын оношийн бүтцэд долоо хоног бүрээр дүн шинжилгээ хийж, зайлшгүй эмнэлэгт хэвтэх назологийн дагуу хүлээгдлийг бүртгэн авах болсноор амбулаторийн хүлээгдэл ийн буурсан байна.

Эрүүл мэндийн байгууллагууд энэ мэтээр “Сахилга-хариуцлага-дэг журам”-ыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээнд  анхаарал хандуулан ажиллаж байгаа аж. Сайдын тушаалыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг байгууллагын даргаар батлуулан, дотоод хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж, үр дүнг тооцон хариуцлага алдсан албан хаагчдад сахилгын шийтгэл оногдуулж, зөрчлийг дахин давтахгүй байх арга хэмжээ авч хэрэгжүүлжээ. Тухайлбал, Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь ажлын цагийн бүртгэлийн тайланг долоо хоног бүрээр гаргаж, ажлаас хоцорсон болон тасалсан албан хаагчдад тухай бүр арга хэмжээ авч байгаагийн зэрэгцээ иргэдийн санал гомдлыг барагдуулах, мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллах журам баталжээ.

  Б.Туул

Холбоотой мэдээ