Cоёлын элч нарыг нэгдсэн мэдээллээр хангах чуулга уулзалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-09-11 13:24:08
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамнаас энэ сарын 12-14-ний өдрүүдэд хоёр томоохон чуулга уулзалт  зохион байгуулах гэж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

Гадаад харилцааны яам түүх, соёл урлаг, өв уламжлал, аялал жуулчлал, нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшлийг олон улсад сурталчлан таниулах чиглэлээр Монгол Улсын болон гадны орнуудын нэр хүнд бүхий нийгэм соёлын зүтгэлтнүүдийг Монгол Улсын соёлын элчээр томилон хамтран ажилладаг.

Тэгвэл эдгээр соёлын элч нарыг нэгдсэн мэдээллээр хангах, тэдний уялдаа холбоог сайжруулах, харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор энэ сарын 12-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Монгол Улсын соёлын элч нарын анхдугаар чуулга уулзалт”-ыг  зохион байгуулах юм байна.

Чуулга уулзалтад БСШУСЯ, СУГ, НСУГ, БОАЖЯ, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Монголын урлагийн зөвлөл, Монголын аялал жуулчлалын холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцож, соёл урлаг, аялал жуулчлал, түүх, соёлын өвөөр дамжуулан Монгол Улсыг хэрхэн гадаадад сурталчлах боломж, арга замын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх аж. 

Өнөөдөр дэлхий дахинаа монголын соёл урлагийг сурталчилдаг “Соёлын элч” цолтон 39 байдгаас 21 нь энэхүү чуулганд оролцохоор мэдүүлгээ өгчээ. Тус чуулга уулзалтаар зөвхөн “Соёлын элч” нар төдийгүй соёл урлагийн байгууллага, уран бүтээлчдийг өргөн хамруулах юм байна. Мөн үеэр үзэсгэлэн гаргаж, салбар тус бүрээр тусгайлсан уулзалтууд  зохион байгуулахаар төлөвлөжээ.

Харин “Хилийн чанад дахь монголчууд” чуулга уулзалтад өнөөдрийн байдлаар 130 орчим төлөөлөл оролцохоор бүртгүүлээд байгаа аж. Тус чуулганаар гадаадад амьдардаг иргэд, оюутнуудад тулгамдсан асуудлыг хэдлэлцэж, төрийн түшээдэд хүргэхээр зорьж буй аж. "Хилийн чанадад дахь монголчуудын ТББ-уудын анхдугаар чуулга уулзалт"-ыг дөрвөн жилийн өмнө Монгол Улсын Гадаад харилцааны яамны дэмжлэгээр зохион байгуулж эхэлсэн бөгөөд хоёр жилд нэг удаа чуулах тов гарчээ. 
 
Өнгөрөгч чуулга уулзалтаар гадаадад суралцагсдад зориулан цахим сурах бичигтэй болох  асуудлыг  шийдвэрлэсэн байна.
Б.Заяа
Холбоотой мэдээ