ӨМНӨГОВЬ
ӨМНӨГОВЬ: Тэмээчдийн улсын зөвлөгөөн эхэллээ
Өмнөговь/МОНЦАМЭ/  Өмнөговь аймагт 2022 оны 12 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд Тэмээчдийн улсын зөвлөгөөн, хурдан тэмээний уралдаан зохион байгуулна. Өнөөдөр Тэмээчдийн улсын зөвлөгөөн “Говийн байгаль” түүхийн музейд эхэллээ. Улсын зөвлөгөөнд Өмнөговь, Дундговь, Дорноговь, Баянхонгор, Өвөрхангай аймгийн тэмээчид, төр, төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид нийт 112 хүн оролцож, тэмээн сүргийг өсгөх, ашиг шим, амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх сэдвээр туршлага солилцон, зөвлөлдөж байгаа юм. Өмнөговь аймаг 2021 оны жилийн эцсийн байдлаар 160,6 мянган толгой тэмээ тоолуулсан нь улсын нийт тэмээн сүргийн 35,5%-ийг эзэлжээ.  Тухайн зөвлөгөөний үеэр тэмээний ашиг шимт бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг Говийн байгаль, түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулж байна.  Нутгийн хишиг хөтөлбөрийн хүрээнд ботгоны мөнгөн урамшуулал олгох, тэмээний төрөлжсөн эмнэлэг, тэмээ судлалын төв байгуулах, тэмээний баяр болон бусад эвент арга хэмжээг аялал жуулчлалтай холбох, тэмээгээ өсгөх, тэмээн соёлоо түгээн дэлгэрүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байгаагаа аймгийн Засаг дарга онцоллоо.  Мал аж ахуйн салбарт баримтлах бодлого, үйл ажиллагаа, Монгол тэмээ судлагаа шинжилгээний ажил, цаашдын зорилт, "Буурын бохины судалгааны ажлын үр дүн,Ингэний сүүн ашиг шим зэрэг сэдвүүдээр Монгол улсын зөвлөх, мал зүйч, судлаач, докторууд, мөн харьяа яамны холбогдох газрын мэргэжилтэн шинжээч нар илтгэл тавьлаа. Тус зөвлөгөөнөөс мөн хурдан тэмээ уяачдад цол олгох журмын төслийг танилцуулж, хэлэлцүүлэг санал асуулга явагдах бөгөөд зөвлөгөөнөөс зөвлөмж гарч танилцуулагдах юм.  
1073 days
ӨМНӨГОВЬ: Хөнгөн атлетикийн баг тамирчид багийн дүнгээр IV байр эзэлжээ
Өмнөговь/МОНЦАМЭ/        Монголын бүх ард түмний улсын анхдугаар спартакиадыг  анх 1946 онд Ардын  хувьсгалын 25 жилийн ойгоор хөнгөн атлетик, волейбол, хөл бөмбөг, дугуй зэрэг спортын 10 гаруй төрлөөр зохион байгуулж байжээ.Энэ жилийн монголын бүх ард түмний спортын XV их наадмыг улсын хэмжээнд гурван үе шаттайгаар олимпын 16, олимпын бус хоёр, оюун ухааны хоёр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зургаан төрлөөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж 21 аймаг, есөн дүүргийн 4500 гаруй баг тамирчин 561 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.  Монголын бүх ард түмний спортын наадам нь иргэдийг биеийн тамир, спортоор хичээллүүлэх, эрүүл чийрэг иргэнийг төлөвшүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, Олимпын шигшээ багуудыг бүрдүүлэхэд онцгой ач холбогдолтой үйл ажиллагаа юм. Тус наадамд Өмнөговь аймгийн баг тамирчид амжилттай оролцож 1 хүрэл медаль,  “Улсын аварга” шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээний 5 алт, 8 мөнгө, 6 хүрэл медаль  хүртэж багийн дүнгээр шагналт IV байрыг  эзэлсэн байна. Амжилт гаргасан биеийн тамирын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн хөнгөн атлетикийн багш дасгалжуулагч Г.Сайнхүү болон тамирчин сурагчдыг Даланзадгад сумын Засаг дарга Х.Батболд хүлээн авч уулзлаа. “Монголын бүх ард түмний XV их наадам”-д  оролцож амжилт гаргасан тамирчдыг урамшуулан сумын “Эрүүл иргэн-Хөгжлийн тулгуур” хөтөлбөрөөс хөнгөн атлетикийн тамирчин сурагчдад нэн шаардлагатай  байсан “Adidas” фирмийн “Шифи”-г гардуулан өгч амжилт хүслээ. Тухайн наадмыг 2023 онд зохион байгуулах эрхийг Биеийн тамир спортын улсын хорооноос Орхон аймагт олгожээ. 
1075 days