ӨМНӨГОВЬ: Аймгийн 15 сумын малчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2022-12-20 14:21:39

Өмнөговь /МОНЦАМЭ/ Малчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөнийг аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа.

 

Тус зөвлөгөөнд нийт сумын 100 гаруй малчин эмэгтэйчүүд оролцлоо. Эмэгтэйчүүдийн зөвлөгөөнөөр алслагдсан сум, баг дахь малчин эмэгтэйчүүд эрүүл мэндээ хамгаалуулах, хүчирхийллээс ангид байх, сэтгэл зүйн дэмжлэг зөвлөгөө, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрх тэгш авах эрхээ эдэлж чадахгүй байгаагаа илэрхийллээ.

 

Энэ мэт боловсрол, мэдээллийн хүртээмжийн асуудал сум, баг бүрт хөндөгдөж байгаа бөгөөд төрийн нэгдсэн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй, малчид өөрсдөө үүрэг хариуцлагаа ухамсарлах чадвар сул байгаагаас эрх нь зөрчигдөх тохиолдол гарсаар байна.

 

Тиймээс сум багийн Засаг дарга, холбогдох мэргэжилтнүүд өөрийн эрх хэмжээний хүрээнд малчин эмэгтэйчүүдтэйгээ харилцан мэдээлэл солилцох, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцуулах зорилгоор шинэ санаачилгууд хэрэгжүүлэн ажиллах хэрэгтэй байгааг аймгийн Засаг дарга онцоллоо.

 

Орон нутгийн зүгээс Малчин эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ажлын хэрэгжилтийг үнэлэх, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тэдний санал санаачилгыг хүлээн авч,  санал зөвлөмжийг тодорхойлон хэлэлцэж бодлого шийдвэртээ тусган ажиллахаар төлөвлөсөн юм.

  

Мөн малчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөний хүрээнд өрхийн үйлдвэрлэлийн онолын сургалтууд, эрүүл мэнд, гоо сайхны зөвлөгөө зөвлөмж, нутгийн брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн туршлага судлах зэрэг мэдлэг мэдээлэл өгөх олон талт ажлуудыг зохион явууллаа.

 

Түүнчлэн малчин эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжин "Хатан заяат говь" эмнэлэгт эмэгтэйчүүд, шүдний мэргэжлийн эмчид үзүүлэн, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулжээ.

 

Related news