Завханы Цагдаагийн газарт захиргааны шинжтэй гомдол их иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-06 17:45:35

Багц мэдээ

Завханы Цагдаагийн газарт 2015 онд иргэд, байгууллагаас  2664 гомдол, мэдээлэл иржээ. Энэ нь 2014 оны мөн үеэс 1,4 хувиар өссөн байна.

Нийт  бүртгэгдсэн гомдол, мэдээллийн  756 буюу 28,4 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 1908 буюу 72,5 хувь нь захиргааны шинжтэй гомдол мэдээлэл байна. Харин гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн  30 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж, 62,3 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ. Захиргааны зөрчлийн шинжтэй 1908 гомдол мэдээллийн 7,8 хувийг торгуулийн хуудсаар, 44 хувийг шийтгэвэрээр, 20 хувийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах арга хэмжээг тус тус ногдуулжээ.

Завханд гэмт хэргийн гаралт буурчээ

Завханы Цагдаагийн газар өнгөрсөн онд 267 гэмт хэрэг бүртгэгджээ.

Үүнээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24,1,1-ээр 43 гэмт хэрэг хэрэгсэхгүй болж хэргээс хасагдаж, нийт  224 гэмт хэрэг стастистик мэдээгээр тоологдсон нь 2014 онтой харьцуулбал 28,2 хувиар буурчээ.  Харин бүртгэгдэх үедээ сэжигтэнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй 69 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 45 гэмт хэргийн сэжигтэнийг тогтоож, яллагдагчаар татсанаар урьдчилсан байдлаар гэмт хэргийн илрүүлэлт 65,2 хувьтай байна. Нийт гэмт хэргийн 55,3 хувийг хөнгөн, 45 хувийг хүндэвтэр, 2,7 хувийг онц хүнд ангилалын гэмт хэрэг эзэлж байна.

Гэмт хэргийн улмаас нас барсан хүний тоо өсчээ

Завхан аймагт гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж байгууллагад 400 гаруй сая төгрөгний хохирол учирчээ.

Тухайлбал хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд 21 сая гаруй төгрөг буюу 54,3 хувийн хохирлыг нөхөн төлүүлжээ. Харин хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд учирсан хохирлыг барагдуулахад 400 гаруй мянган төгрөгийн хөрөнгийг битүүмжилсэн байна. Гэмт хэргийн улмаас 30 иргэний амь нас хохирч, 85 хүн гэмтэл авсан нь 2014 онтой харьцуулбал нас барсан хүний тоо 17 нэгжээр өсөж, гэмтсэн хүний тоо 79,4 хувиар буурсан байна.

Өнгөрсөн онд 8870 иргэн торгуулах шийтгэл авчээ

Завханд өнгөрсөн онд нийт гэмт хэрэг үйлдэгсэдийн 31 хувийг эмэгтэйчүүд үйлдсэн нь 2014 оны мөн үеийнхээс 138,4 хувиар өссөн байна.

Харин насанд хүрээгүй хүүхдээс үйлдэгдсэн гэмт хэрэг энэ онд 12 бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 0,5 хувийг эзэлж 60 хувиар буурчээ. Мөн согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 83 бүртгэгдсэн нь 2014 оны мөн үеэс 2,5 хувиар өссөн байна.  Согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй, ахуйн хүрээнд архидан согтуурч жижгээр танхайрсан 756 иргэн цагдаагийн газрын саатуулах байранд хүргэгджээ.  Өнгөрсөн онд Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хуулиар 8870 иргэнийг 119 сая гаруй төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

                Цагдаагийн алба хаагчдаас гэмт хэрэгт холбогдсон хүн байхгүй гэв

Өнгөрсөн онд Завханы Цагдаагийн газрын 43 алба хаагч сахилгын зөрчил гаргажээ.

Үүнээс офицер 31, ахлагч 10, энгийн ажилтан хоёр тус тус  сахилгын арга хэмжээ авахуулжээ.  Эдгээр алба хаагчид нь ажлын хариуцлага алдсан, ажил тасалсан, бусад хууль дүрэм зөрчсөн, үүрэг даалгавар үл биелүүлсэн, бусадтай зүй бус харьцсан гэх мэт сахилгын зөрчлүүд гаргажээ. Сахилгын зөрчил гаргасан алба хаагчдад цалинг нь бууруулж сануулга өгчээ. Харин цагдаагийн алба хаагчдаас албанаас халагдсан болон гэмт хэрэгт холбогдсон алба хаагч байхгүй хэмээн аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

 

Б.Мягмарсүрэн

Related news