Теле камерын системд шилжүүлэхэд 30.0 сая төгрөг тусгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-01-29 15:59:23

Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлөөс өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажил, амжилтуудаа бататгаж, шинэ ондоо олон бодит, өгөөжтэй ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Тухайлбал 2016 оны төлөвлөгөөндөө “Бүргэдэй” уулын заставын хариуцсан хэсгийг теле камерын системд шилжүүлэхэд 30.0 сая төгрөг, “Баруун хужир”-ын заставыг ВСАТ-ын систем, сансрын холбооны төхөөрөмжөөр хангахад 5.0 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлэхээр аймгийн төсөвт тусгаж, аймгийн Засаг даргаас Хууль зүйн сайдтай байгуулсан гэрээнд тусгагдсан “Долоон даваа” байнгын хилийн харуулыг 24 цагийн цахилгаанд холбуулах, хил дамнасан ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн хамгаалалтын 100 км зурвасыг шинээр байгуулах зэрэг ажлуудыг хийхээр энэ оны төлөвлөгөөндөө тусгажээ.

Аймгийн Засаг дарга буюу Хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн дарга С.Бүрэнбат зөвлөгөөнд оролцогчдод хандаж ”Миний бие хилчид та бүхэнтэйгээ байнгын холбоотой байж аймаг, орон нутгийнхаа хөгжил дэвшилд та бүхнийхээ хүч, оюуныг ашиглан, та нөхөддөө харилцан тусалж дэмжихэд анхаарч, цаашид ч бидний хамтын ажиллагаа өргөжин батжих болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэллээ.

Зөвлөлгөөний үеэр Хилийн албаны ажилтан Н.Гантогтох “2015 оны хилд ээлтэй албан хаагч”-аар, Түшиг сумын ЗДТГ “2015 оны хилд ээлтэй байгууллага”-аар шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Related news