Суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний шинэ журмыг танилцууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-12-18 08:18:10
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Боловсрол, Соёл Урлаг, Спортын газраас өнөөдөр (2018.12.17) аймгийн ЗДТГ-ын дэргэдэх  хэлтэс, агентлагийн дарга нарт “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журам”-ыг танилцууллаа.

Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/425 тоот тушаалаар батлагдсан дээрх журмыг 2018-2019 оны хичээлийн жилээс хэрэгжүүлж эхэлж байгаа юм.

Өмнө нь хэрэгжиж байсан журмаар суралцагчдыг 0-60, 61-70, 71-80, 81-90, 91-100  оноогоор “F, D, C, B, А” гэсэн 5 шатлалаар үнэлдэг байсан бол одоо 0-29, 30-39, 40-49, 50-59, 60-69, 70-79, 80-89, 90-100 гэсэн 8 шатлалаар үнэлдэг болж байна.

“Энэхүү журмыг хэрэгжүүлж эхэлснээр суралцагчдыг сурлагынх нь түвшингээр бие биетэй нь харьцуулах биш, багш өөрөө хүүхдийнхээ түвшинд анализ хийж, эцэг эхчүүдэд танилцуулан түвшинг нь ахиулахад анхаарч ажиллах боломжийг бүрдүүлж байгаа нь энэ журмын нэг эерэг тал болж байна” хэмээн БСУСГ-ын дарга Ц.Бумангэрэл онцоллоо.  

Мөн суралцагчийн эзэмшиж байгаа мэдлэг, чадварын түвшинг үнэлэхээс гадна тухайн хүүхдийн төлөвшлийг хичээл заадаг болон анги удирдсан багшийн тэмдэглэл, баримт нотолгоонд үндэслэн дүгнэдэг болж байгаа юм байна.

ЕБС-уудад тус журам хэрэгжиж эхлээд 2 улирал хичээллэж дуусч байгаа бөгөөд журмын дагуу хийгдэх анхны үнэлгээ одоо 12 дугаар сарын сүүлчээр хийгдэж байгаа ажээ.

Related news