Бангкокт түргэн тусламжийн тэргээр сорьц цуглуулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-04-21 13:49:03

БАНГКОК. /NHK/. Тайландын нийслэл Бангкок хотын эрх баригчид коронавирусний халдвар авсан байж болзошгүй хүмүүсээс сорьц цуглуулахад зориулан түргэн тусламжийн тэрэгнүүдийг шинжилгээний хөдөлгөөнт нэгж болгожээ. Эмнэлгийн ажилтнуудыг халдвар авахаас урьдчилан сэргийлэх үүднээс уг шийдвэрийг гаргасан байна.


Эмнэлгийн ажилтнууд түргэн тусламжийн тэрэгний цонхон дахь хоёр нүхээр бээлийтэй гараа гарган сорьц цуглуулах боломжтой байна. Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын мэдээлснээр, Бангкокт 10 гаруй түргэн тусламжийн тэргээр сорьц цуглуулж байгаа бөгөөд нийт 881 хүнээс шинжилгээ авснаас зургаагийнх нь хариу эерэг гарсан байна. Мөн эдгээр тээврийн хэрэгслийг халдвар тархах өндөр эрсдэлтэй бүс нутгууд руу илгээж байгаа гэнэ.


Тайландад өнгөрсөн гуравдугаар сард онцгой байдал зарлаж, ихэнх дэлгүүрийг хааж, иргэдийг зоогийн газраар үйлчлүүлэхийг хориглосон юм. Тухайн үеэс хойш халдварын түвшин буурсан боловч шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын дийлэнх нь Бангкокт илэрсэн хэвээр байна. Эрх баригчид халдвар нэмж тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор шинжилгээ хийх үйл явцыг эрчимжүүлэхээр ажиллаж байгаа ажээ. 

Related news