УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үдээс өмнө эхлэх байсан ч ирц бүрдээгүйн улмаас хойшилж, 15.00 цагаас эхэллээ.
Хуралдааны ирц 39 хувьд хүрч эхэлсэн бөгөөд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж даргалж байна. Эхний асуудлаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Хууль зүйн байнгын хороогоор уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр зарчмын зөрүүтэй 36, найруулгын шинжтэй 15 санал гаргасныг одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.
Үүний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд зэрэг 8 асуудал хэлэлцэх юм. Харин УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн өмнөх “Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээлэл” сонсох байсныг хойшлуулжээ.
Чуулганы хуралдааны дараа Төсөв болон Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдахаар хүлээж байгаа юм.
Н.Туяа