Сонгуультай холбогдуулан УИХ-ын чуулганыг завсарлуулах боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын Хаврын чуулганыг ээлжит сонгуулийн санал авах өдрөөс 30 хоногийн өмнө завсарлуулах боломжтой.
Монгол Улсын Их хурлын тухай хуульд зааснаар УИХ-ын Намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 1-нээс ирэх оны 2 дугаар сарын 10-ны хооронд, Хаврын ээлжит чуулган 4 дүгээр сарын 5-ны өдрөөс мөн оны 7 дугаар сарын 1-ний хооронд тус тус хуралддаг. Энэ дагуу УИХ-ын 2016 оны Хаврын ээлжит чуулган 7 дугаар сарын 1-нд завсарлах учиртай ч сонгууль болохтой холбогдуулан хугацаанаасаа өмнө завсарлах төлөвтэй байна. Дээрх хуулийн 29-ийн 14 дүгээр зүйлд “УИХ-ын ээлжит сонгуулийг товлон зарласан үед УИХ-ын дарга Зөвлөлийн саналыг харгалзан чуулганыг 30 хүртэл хоногийн хугацаагаар түр завсарлуулж болно” гэсэн заалт байдаг. Тиймээс уг заалтыг үндэслэн сонгуулийн санал авах өдөр буюу 6 дугаар сарын 29-нөөс 30 хүртэл хоногийн өмнө УИХ-ыг завсарлуулах боломжтой юм.
Гэхдээ одоогоор Хаврын чуулганыг завсарлуулах хугацааны талаар УИХ-ын түвшинд тодорхой яриагүй байгаа аж. Өөрөөр хэлбэл хэлэлцэх асуудал болон Хаврын чуулганы хугацаанд, сонгуулиас өмнө шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаас хамаарч завсарлуулах хугацааг тогтоох юм байна.
Н.Туяа