Л.Эрдэнэчимэг: М.Энхсайханы ахалсан ажлын хэсэг хууль зөрчсөн гэрээний төсөл бэлтгэсэн байсан
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын нэр бүхий 40 гишүүн санаачлан боловсруулсан “Таван толгойн нүүрсний ордыг ашиглах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан Л.Эрдэнэчимэг гишүүнээс зарим зүйлийг тодруулав.
-М.Энхсайханы ахалсан ажлын хэсэг Монголын талд ашиггүй гэрээний төсөл бэлтгэсэн гэж дүгнэсэн байсан. Ямар үндэслэлээр ингэж дүгнэсэн бэ?
-Олон 10 тэрбум төгрөгөөр хэмжигдэх Тавантолгойн ордыг олборлох асуудлаар хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийж гэрээний төсөл боловсруулах Монгол Улсын сайд М.Энхсайханы ахалсан Засгийн газрын ажлын хэсэг анхнаасаа Монгол Улсын хуулиудыг зөрчсөн, үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, Засгийн газрын тогтоолыг зөрчиж хөрөнгө оруулагч нартай хэлэлцээр хийж улсад ашиггүй гэрээний төслийг бэлтгэсэн байсан. Тиймээс гэрээний төслийг Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид нийцүүлэх шаардлагын үүднээс УИХ-ын нэр бүхий 40 гишүүн тогтоолын төсөл санаачлан өнөөдөр өргөн мэдүүлж байгаа юм.
-Тэгвэл одоо өргөн барьж байгаа төсөл Монголд ашигтай байж чадах уу?
-Энэ тогтоолын төсөл зургаан зүйл, нэг хавсралттай байгаа. Нэгдэх заалт дээр Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зорилгоор гадаад дотоодын хөрөнгө оруулагчтай хамтран байгуулах компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани эзэмшинэ. Хоёрдугаарт, Монгол Улсад шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах, өмчлөх, шилжүүлэх нөхцөлөөр концесс эзэмших компанийн 51-ээс доошгүй хувийг Төрийн өмчит "Монголын Төмөр зам" компани эзэмшинэ гэж заасан. Засгийн газрын 2011 оны тавдугаар сарын 30-ны 181 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэд, үндэсний аж ахуйн нэгжүүдийн хувьцааг "саналын эрхгүй" байхаар шийдвэрлэсэн байдаг. Тийм учраас тогтоолын төслийн гуравдах хавсралтад Засгийн газрын 181, 268 дугаар тогтоолыг хүчин болгохоор оруулсан Ингэснээр "Эрдэнэс тавантолгой"-н 1072 ширхэг хувьцаа "саналын эрхтэй" болох юм. Дөрөвдүгээрт 1072 ширхэг хувьцааг эзэмшигч Монгол Улсын иргэд, ААН-ийн эрх ашгийг хамгаалж, эдийн засгийн үр өгөөжтэй байх зохицуулалтыг тусгасан.
-Тогтоол өргөн баригдсан хувилбараараа батлагдвал ямар үр ашигтай вэ?
-Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахаар уралдаант шалгаруултад ялсан Үндэсний консерциумтай байгуулахаар төлөвлөсөн Хамтын ажиллагааны гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, Төмөр замын концессийн гэрээнүүдийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид нийцүүлэх боломж бүрдэнэ. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2 тэрбум 558 сая 175 мянга 510 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол Улсын 2 сая 475 мянга 201 иргэн болон 8.4 сая ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол улсын 553 аж ахуйн нэгжийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах бодит боломж бүрдэх юм. Түүнчлэн Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах УИХ-ын 2010 оны долдугаар сарын 7-ны өдрийн 39 дүгээр тогтоолд заасан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 хүртлэх хувийг дотоодын болон гадаадын хөрөнгийн биржээр худалдаж шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах арга хэмжээг авах боломж нь бүрдэнэ. Гуравдагч хүчний бодит оролцоо,хөрөнгө оруулалтыг хангах нөхцөл бүрдэж, Цанхийн хэсгийг хөгжүүлэх, Ухаа худаг-Гашуунсухайт чиглэл болон Тавантолгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав зэрэг бусад чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих асуудлууд шийдвэрлэгдэнэ.
-Хөрөнгө оруулагчидтай байгуулах гэрээг дахин боловсруулах уу?
-Засгийн газар Тавантолгойн гэрээг энэ удирдамжийн дагуу бүрдүүлж дахин оруулж ирэх боломж нь нээлттэй байгаа.
-Сонгуультай холбогдуулан Хаврын чуулганыг эрт завсарлуулж болзошгүй болоод байгаа. Энэ богино хугацаанд тогтоолын төслийг баталж амжих уу?
-Амжих үгүй нь УИХ-ын даргын захирамжаас хамаарч шийдэгдэнэ.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал