Бэлтгэл ажлыг хугацаанд нь багтаан дуусгахыг үүрэг болгов
МОНГОЛЫН МЭДЭЭАзи, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 27 дугаар хуралдаан 5 дугаар сарын 17-нд Төрийн ордонд болж, дээд түвшний уулзалтын бэлтгэл ажил болон Ази, Европ түмний 11 дүгээр чуулга уулзалтын зохион байгуулалттай холбоотой хэд хэдэн асуудал хэлэлцлээ.
Үндэсний зөвлөлийн дарга, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 5 дугаар сарын 14-нд АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зарим бүтээн байгуулалтын ажилтай танилцсан бөгөөд энэ үеэр өгсөн үүрэг даалгавруудаа зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Шангри-Ла дахь Хэвлэлийн төвийн тохижилтын ажлыг 6 дугаар сарын 10-ны дотор эхлүүлж, интернет сүлжээ, кабел холбохыг даалгалаа.
Түүнчлэн “Чингис хаан” ОУНБ-ын хамгаалалтын бүс дэх камержуулалт, гэрэлтүүлгийг сайжруулах, зочдод зориулсан бэсрэг арга хэмжээ зохиогдох “Чингисийн хүрээ” жуулчны бааз хүртэлх 3.4 км автозам болон 400 машины багтаамжтай автомашины зогсоол байгуулах төсвийг шийдвэрлэлээ. Эдгээр бэлтгэл ажлыг дурдсан хугацаанд багтаан зохион байгуулж дуусгахыг Үндэсний зөвлөлийн гишүүдэд даалгав.
АСЕМ-ын уулзалтад одоогийн байдлаар 15 орны Ерөнхийлөгч, 21 орны Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочин, төлөөлөгч оролцох төлөвтэй байна.
Ирэх 7 дугаар сарын 4-6-нд Улаанбаатарт болох Ази, Европ түмний чуулганы бэлтгэл ажил, төсөв зэргийг мөн хэлэлцлээ. Уг арга хэмжээнд түнш орнуудын 500 гаруй төлөөлөгч оролцохоос 250 нь дотоодын төлөөлөгч байх юм. Чуулганаар МУИС, ШУТИС, Хүмүүнлэгийн ухааны их сургуулиудад салбар 3 хуралдаан хийх бөгөөд нэгдсэн хуралдааныг Төрийн ордонд хийх аж.