Олимпын эрхийн тэмцээнүүүд дуусаж, тамирчид бэлтгэлээ эрчимжүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-06-30 12:53:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны 32 дугаар олимпын наадмын эрхийн тэмцээнүүд /5х5 сагснаас бусад/ албан ёсоор өндөрлөж, Монголын баг тамирчдын бүрэлдэхүүн эцсийн байдлаар тодорсон талаар Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ.

 

Монголчууд энэ олимпод байт харваа, буудлага, бокс, жүдо, чөлөөт бөх, 3х3 сагсан бөмбөг, усанд сэлэлт, ширээний теннис, хөнгөн атлетик, хүндийг өргөлт гэсэн спортын 10 төрөлд 42 тамирчинтай оролцохоор болж байна.

 

Монголын баг өмнө нь “Москва-1980”, “Рио-2016” олимпод 43 тамирчинтай оролцсон нь дээд амжилт юм. Токиогийн олимпын тухайд коронавируст цар тахлын улмаас эрхийн тэмцээнүүд хойшлох, цуцлагдахаас эхлээд олон бэрхшээл тулгарсан ч Монголын үндэсний шигшээ баг 42 эрх авлаа.


 

Өнөөдөр Монголын олимпын баг тамирчид олимпын бэлтгэл сургуулилтаа улам идэвхийлэн базаасаар байна. Тухайлбал, боксын баг тамирчид Хандгайтад, чөлөөтийнхөн Найрамдалд, жүдочид Батсүмбэрт, хүндийг өргөлтийнхөн Төр хурахын аманд, хөнгөн атлетикийн тамирчид Архангайд, ширээний тенниснийхэн “Эко” спорт баазад, 3х3 сагсан бөмбөгчид Францад бэлтгэлээ хийж байгаа юм.


 

Усан спортын баг тамирчдын тухайд өнөөдрөөс бассейндаа бэлтгэл хийж эхэлжээ. Улсын онцгой комиссоос зөвшөөрөл өгсний дагуу “Орчлон” сургуулийн бассейнд бэлтгэл хийх боломж бүрдээд байна.

 

Монголын баг тамирчдаас бокс, сагсныхан хамгийн түрүүнд буюу 7 дугаар сарын 15-нд Токиог зорих бол жүдо, буудлага, байт харваа, усанд сэлэлт, ширээний тенниснийхэн 21-нд, чөлөөт бөх, хүндийг өргөлтийнхөн 28-нд, марафон гүйлтийнхэн наймдугаар сарын 4-нд эх орноосоо мордоно. Гавьяат тамирчин Б.Сэр-Одын тухайд Японы Кувана хотод бэлтгэлээ хийж байгаа бөгөөд тэндээсээ марафоны тэмцээн болох Саппорог зорих юм.

 

"Токио-2020" зуны олимпын наадамд Монгол Улсаас ийнхүү 10 спортын төрлөөр 42 тамирчин оролцох эрхээ авсан бол 4 эмэгтэй, 1 эрэгтэй нийт 5 шүүгч олимпын наадмын 4 спортын төрөлд шүүгчээр ажиллана.  


Хүндийн өргөлтийн төрөлд Олон улсын шүүгч Лхагвасүрэнгийн Одгэрэл, жүдо бөхийн төрөлд Олон улсын шүүгч Төрбатын Энхцэцэг, Байт харвааны төрөлд Олон улсын шүүгч Энхбатын Саруул нар болон Боксын төрөлд эрэгтэй, эмэгтэй тус бүр 1 шүүгч олимпын дэвжээнд өрсөлдөх тамирчдын ур чадвар, хурд, хүч, алдаа, оноог дэнслэн шүүх үүрэг хүлээх юм.








Related news