“Ерөнхийлөгчийн цом”-ын барилдааны тасалбар худалдаанд гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-12-23 11:02:24

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан энэ сарын 29-нд болно.


2011 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулсан тус барилдаанд анх улсын аварга С.Мөнхбат түрүүлсэн бол өнгөрсөн жил залуу арслан Э.Батмагнай начин цолтойдоо цом өргөжээ. Энэхүү барилдаанд улсын аварга С.Мөнхбат, заан Б.Пүрэвсайхан, Б.Бат-Өлзий нар тус бүр хоёр удаа түрүүлсэн байдаг. Б.Бат-Өлзий зааны хувьд хоёр түрүү, нэг үзүүр, нэг удаа их шөвөгт үлдсэн амжилтаараа бусдыгаа манлайлж байна. Тэгвэл улсын аварга Ч.Санжаадамба хамгийн олон буюу хоёр удаа үзүүрлэжээ. 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 13 удаа зохион байгуулахад 10 бөх “Ерөнхийлөгчийн цом” өргөсөн байна.


“Ерөнхийлөгчийн цом”-ын барилдаанд зодоглох бөхчүүдийг энэ сарын 27, 28-нд цахимаар бүртгэнэ. Харин тасалбарыг shoppy.mn цахим сайтаар өнөөдрөөс худалдаалж эхэлсэн бөгөөд тасалбар 30, 70 мянган төгрөгийн үнэтэй байна.

Related news