“Холбооны цом”-ын финалд өрсөлдөх багууд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-12-23 10:19:37

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн холбооноос анх удаа зохион байгуулж буй “Холбооны цом”-ын төлөөх тэмцээний финалд өрсөлдөх багуудын нэр тодорлоо.


Хоёр сарын өмнө эхэлж байсан тус тэмцээний эрэгтэйчүүдийн ангиллын финалд лигийн есөн удаагийн аварга, Азийн аваргуудын лигийн хүрэл медальт “Хасын Хүлэгүүд” болон “Эс Жи Эйпс” баг шалгарсан байна. “Эйпс”-ийнхэн хагас шигшээд “Бишрэлт Металл”-ыг 73:64-өөр буулган авснаар анхдугаар “Холбооны цом”-ын финалд тоглох эрхтэй болсон юм. Тэгвэл “Хасын Хүлэгүүд” багийнхан “Би Си Эйч Найтс”-ыг 76:73-аар буулган авчээ. Харин эмэгтэйчүүдээс лигт хожигдолгүй яваа “Улаанбаатар Амазонс” болон дэд байрт жагсаж байгаа “Пайретс” баг шалгарсан байна.


Тус тэмцээний хүрэл медалийг эрэгтэйчүүдээс “Найтс”, “Бишрэлт Металл”, эмэгтэйчүүдээс “Фэлконс”, “Винкс” багийнхан хүртжээ.


“Холбооны цом”-ын тэмцээний финал энэ сарын 29-нд Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Монголын сагсан бөмбөгийн холбоо Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд албан ёсоор элссэний 25 жилийн ойн өдөр “М Банк арена”-д болно. Финалын тоглолт 18:10 цагаас “Улаанбаатар Амазонс”, “Пайретс” багийн өрсөлдөөнөөр эхэлнэ. 



Related news