О.Тэмүгэ: Монголд бага оврын нисэх онгоц хөгжүүлэх боломж, хэрэгцээ бий

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-07-19 17:14:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс Чех улстай иргэний агаарын тээвэр, нисэхийн салбарт хамтран ажиллах Санамж бичгийг байгуулаад байна. Энэ талаар ИНЕГ-ын харьяа Ерөнхий зориулалтын нисэхийн албаны мэргэжилтэн О.Тэмүгээс тодрууллаа. Манай улсад Чехийн "Шарк" загварын хөнгөн нисэх онгоц ирээд байх үеэр түүнтэй ярилцсан юм. 




-Чех улстай яг ямар чиглэлээр хамтран ажиллахаар болоод байна?

-Юуны өмнө нисгэгчид нисэхийн инженер техникийн ажилтан, ажилчдыг бэлтгэх чиглэлээр Чех улсад сургах талаар ярилцаж байна. Энэ нь бидний бас нэг гол зорилго бага оврын агаарын хөлгийг Монголд угсрах, үйлдвэрлэхтэй холбоотойгоор уялдан тавигдаж буй юм. Манай алба 2016 онд байгуулагдаж, 2018 онд Засгийн газрын тогтоолоор “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг баталсан юм. Энэ хөтөлбөрт бидний ярьж буй зүйлийг тусгасан байгаа. Тодруулбал, уг хөтөлбөрийн хүрээнд манай улсад нисгэгч бэлтгэх, бага оврын агаарын хөлгийг Монголд угсрах, үйлдвэрлэх бололцоог эрэлхийлж гаргах зэрэг зорилтыг тавин ажиллаж байна. 




Мөн Нисэхийн сургалтыг төв байгууллах боломжийг эрэлхийлж байгаа. Үүнтэй холбогдуулан бид БНЧУ-ын Засгийн газартай дээрх чиглэлээр хамтарч ажиллах, нисгэгчид нисэхийн инженер техникийн ажилтан, ажилчдыг бэлтгэх, нисэхийн сургууль байгуулах, Чех улсад сургах, тус улсын агаарын хөлөг үйлдвэрлэгч компаниудтай хамтарч (үүний нэгэнд манай улсад ирээд Чехийн "Шарк" хөнгөн загварын, бага оврын нисэх онгоцны үйлдвэр орж байна) ажиллахаар болоод байна. 

-Монголд бага оврын нисэх онгоцны нислэлийг хөгжүүлэх боломж хэр байна? 

-Манайх шиг өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам таруу суурьшдаг оронд бага, жижиг оврын нисэх онгоц маш тохиромжтой. Наад зах нь аймаг, орон нутагт эрүүл мэндийн үйлчилгээг хөдөөгийн иргэдэд түргэн шуурхай үзүүлэх боломжтой болно. Мөн гамшгаас хамгаалах, байгаль орчны судалгаа, шинжилгээ хийх, хорьтон шавьж устгахад жижиг оврын онгоцоор үйлчлэх тохиромжтой. Үүний тулд манай улс орон нутгийн нисэх буудлуудаа бэлтгэж хөгжүүлэх учитай. 

Энэ талаар Засгийн газрын “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-т мөн тусгасан байгаа. Хөтөлбөрийн дагуу манай улсын аймаг, сумдад иргэний нисэхийн дэд хөтөлбөрийг хөгжүүлэх хүрээнд нисэхийн зурвасууд байгуулахаар ажиллаж байна. Аймаг, сумдын хооронд нисэхийн түр зурвасаар холбосноор орон нутагт жижиг оврын онгоцоор хөөрч зорчих боломжтой болох юм. 


Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 2-ны 120 дугаар тогтоолоор баталсан “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд ИНЕГ-ын зүгээс Ерөнхий зориулалтын нисэхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа болон үйл ажиллагаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа хувь хүмүүс, ААН-үүдийн санаачилсан төсөл, хөтөлбөрийг дэмжиж хамтран ажиллахаар төлөвлөж байна. 




Гэрэл зургийг Т.Чимгээ
Related news