Хоёр жилийн хугацаанд 15 барилга байгууламжийг нийслэлийн өмчид буцаан авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын хэмжээнд 3904 барилга байгууламж нийслэлийн өмчид бүртгэлтэй байгаа бөгөөд тэдгээрийн балансын нийт үнэ нь 1.7 их наяд төгрөг байна. Үүнээс 1441 нь сайн, 1895 нь дунд, 568 өмч нь чанар муутай гэсэн үнэлгээ гаргажээ.
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөний
үеэр НӨХГ-ын дарга В.Оюумаа нийслэлийн
өмчийн эд хөрөнгийн түрээсийн судалгааг танилцуулснаар, нийслэлийн хэмжээнд 796 нийслэлийн
өмчит төсөвт байгууллага, 66 дүүргийн өмчит үйлдвэрийн газар, 26 нийслэлийн
өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, 17 нийслэлийн өмчийн оролцоотой
хуулийн этгээд, 17 нийслэлийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байдаг ажээ.
Сүүлийн хоёр жилд нийслэлийн өмчийг хууль бусаар эзэмшиж байсан этгээдүүдээс зургаан тэрбум гаруй төгрөгийн балансын үнэ, 200 тэрбум гаруй төгрөгийн зах зээлийн үнэлгээ бүхий 15 барилга байгууламжийг буцаан авч нийслэлийн өмчид бүртгэжээ. Ингэснээр 2024 онд 7.4 тэрбум, 2025 онд 18.2 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн байна.
Тэгвэл нийслэлийн төсөвт төвлөрүүлж буй орлогын 51.05 хувийг бусад, 21.4 хувийг өмч хувьчлалаас, 15.05 хувийг түрээсээс, 11.2 хувийг хувьцааны ногдол ашгаас бүрдүүлж байна. Мөн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн 300 гаруй байгууллагад өмч эзэмшил, гэрээний биелэлтийн үзлэг тооллого хийж, хяналтыг сайжруулжээ.
