Дубайд “Монголын өдөрлөг” болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-09-22 14:30:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 21-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэрэг, Олон улсын хамтын ажиллагааны яамны Төрийн сайд хатагтай Рийм Аль-Хашимитай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Уулзалтын үеэр Сайд Б.Батцэцэг Монгол, Эмиратын дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буйг дурдаад энэхүү тэмдэглэлт ойн жил манай тал Гадаад харилцааны сайдын түвшинд айлчилж, Абу Даби хотноо Монгол Улсын Элчин сайдын яамыг нээх, “Дубай ЭКСПО-2020” үзэсгэлэнд оролцох зэргээр тэмдэглэхээр төлөвлөж байгаагаа мэдээлэв.


Төрийн сайд хатагтай Рийм Аль-Хашими Монгол Улс “Дубай ЭКСПО-2020” үзэсгэлэнд өндөр ач холбогдол өгч, оролцохоор төлөвлөж байгаад баяртай байна гээд үзэсгэлэнгийн үеэр болох “Монголын өдөрлөг” нь Монгол Улс, АНЭУ-ын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Related news