АРХАНГАЙ: Энэ онд 500 мянган жарамгай тавьж, байгалийн нөөцийг нөхөн сэргээжээ

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2022-07-08 17:13:11

Архангай /МОНЦАМЭ/. "Чулуут тул" НҮТББ-аас орон нутгийн байгаль хамгаалагчид, сайн дурын иргэд, эрдэмтэн судлаачдыг хамруулан Чулуутын голын сав газарт 2019 оноос “Чулуут тул 2030” төслийг эхлүүлсэн. Төслийн хүрээнд 2019-2021 оны гурван жилийн хугацаанд 1.8-2.3 см хүртэлх урттай хадран, 2.3-2.7 см урттай зэвэг загасны 1,230,000 жарамгайг лабораторид үржүүлэн байгальд нь тавьсан байна. 2022 онд 500 мянган жарамгай тавьж, байгалийн нөөцийг нөхөн сэргээжээ. 

Өөрөөр хэлбэл, 2019 оноос одоог хүртэл Чулуут голын сав газарт зэвэг, хадран загасны 1,730,000 орчим жарамгайг лабораторид үржүүлжээ. Загас байгалийнхаа жамаар үржих үед нийт түрсний 5 хувь нь л жараахай болж цаашид нас бие гүйцэн амьдрах боломжтой болдог байна. Харин “Чулуут тул” төслийн багийнхан ямар ч хорогдолгүй нийт түрсээс 100 хувь жараахай гарган авч байгаа аж.

Төслийн багийнхан 2025 он гэхэд 7 сая, 2030 он гэхэд 15 сая жарамгайг үржүүлэн нутагшуулахаар зорьж байгаа юм. Төслийн хүрээнд Тариат сумын Алтаад багийн нутагт Алтаад голын Борын хоолой хэмээх газарт зориудын аргаар загас үржүүлэх 8х6 хэмжээтэй лабораторийг барьж, зэвэг, хадран загасны тоо толгойг нэмэгдүүлэн ажиллаж байна.