ГОВЬ-АЛТАЙ: "Сургалтын төлбөрийн тэтгэлэг" үйл ажиллагаанд 73 оюутан хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-10-17 09:37:58

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын ивээл дор "Сургалтын төлбөрийн тэтгэлэг" үйл ажиллагааг зохион байгуулж, ЭЕШ-д 650-аас дээш оноо авсан нийт 73 хүүхдэд сургалтын төлбөрийн батламж гардууллаа.


Тодруулбал, Говь-Алтай аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэргүүлэх дөрвөн чиглэлийн нэг болох “Боловсролын чанарыг сайжруулах” хөтөлбөрийн хүрээнд Элсэлтийн ерөнхий шалгалтын амжилтаараа манлайлсан 73 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох үйл ажиллагаа аравдугаар сарын 16-нд Улаанбаатар хотноо боллоо.


Түүнчлэн энэхүү хөтөлбөрийн хүрээнд Элсэлтийн ерөнхий шалгалтын амжилт болон улсын уралдаанд шавь нараа бэлтгэн шагналт байр эзлүүлсэн багш нар, аймгийн “Монгол бичгийн анги олимпиад”-д шалгарсан анги хамт олон, Сургуулийн өмнөх боловсролын ур чадварын уралдаанд шалгарсан багш нарыг урамшуулсан билээ. Хөтөлбөрийн хүрээнд нийт 80 багш, 11 сургууль, 21  сургалтын менежер, 74 сурагчийг 350,000,000 төгрөгөөр урамшуулаад байгаа тухай аймгийн БШУГ-аас мэдээлэв.


Related news