БАЯН-ӨЛГИЙ: Бүргэдээр ан хийх нь анчин эр, сайн морь, зоригт бүргэдийн авьяасыг сорьдог спорт
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголын казахууд бүргэдээр ан авлах эртний урлагийг
хэвээр нь хадгалж үлдсэнээрээ онцлогтой. Эдүгээ ЮНЕСКО-гийн соёлын өвийн
жагсаалтад бүртгэгдсэн бүргэдийг гаршуулан дасгах, сургах, ан авлах урлагийг
Монгол Улсын аялал жуулчлалын гол үйл ажиллагаануудын нэг болгон хөгжүүлж
байгаа.
Энэ удаад бид бүргэдийг хэрхэн гаршуулах, уяа сойлгыг нь тааруулах, мөн ан
бариулах талаарх мэдээллийг хүргэж байна.
Ан хийх олон арга байдгаас казахууд махчин шувууг дасган ан бариулахад
гарамгай. Начин, шонхор, харцага зэрэг махчин шувуудыг барьж тэжээн, гартаа дасгаж
ан хийдэг. Монгол дахь казахууд голдуу бүргэдийг ашигладаг. Бүргэдээр ан хийх
нь зөвхөн ашиг олзны төлөөх зүйл биш, зугаа цэнгэл, спортын агуулгатай юм.
Энэ нь анчин эр, сайн морь, зоригт бүргэд гурвын авьяасыг сорьсон спорт.
Мөн казах түмэн бүргэдийг буг чөтгөрийг зайлуулдаг, буян хураадаг, ээлтэй амьтан хэмээн бэлгэшээдэг, гэрийнхээ
баруун талд байлгадаг уламжлалтай.
Дэгдээхэйг үүрнээс нь авах, хээрийн зэрлэг бүргэдийг барьж гаршуулах гэсэн
хоёр аргаар бүргэдийг дасгах бөгөөд энэ нь зориг хатуужил, нарийн арга ухаан
шаарддаг. Дэгдээхэйг эхнээс нь хүүхэд шиг энхрийлэн өсгөнө. Хамгийн түрүүнд
"Томаға" нэртэй малгайд дасгах, уяж таргалуулах, хэцэн дээр суулгах, үнэгний
сэг, арьс зэргийг чирч бариулах (үүнийг "шырға тарту" гэдэг) зэргээр номхруулан
дасгана. Зуны цагт өд гуурсыг нь гуужуулна. Өвөл ойртоход аажмаар сойж, эхлээд
тарвага, туулай зэрэг амьтдын тарган мах, дараа нь хонины шүүсийг нь шахаж
угаасан мах, уушги өгөх зэргээр хоолны хэмжээг нь аажмаар хасаж, бүх булчинг нь
чангаруулан сойлгыг нь тааруулна.
Анд авч гарахаас өмнө гар дээр суулгах, анд тавих, эргүүлэн урьж ирүүлэх
аргад сургана. Сойлго нь таарсан зоригт бүргэд үнэг, чоно барьж, ирвэстэй ч
тулалддаг. Хашир анчид сайн бүргэдийг гаднаас нь шинжиж, өвчин эмгэгийг нь
эмчилж эдгээдэг.
Хөлний уяа, нүдний даруулга, суурин суудал ("тұғыр" гэнэ), моринд авч явах үеэр суулгадаг ац тулгуур, бээлий, тэжээлийн уут, аяга зэрэг олон төрлийн хэрэгсэл байдаг.
Бүргэдчдийн ярьснаар бүргэд 30 насалж, дөрвөн наснаасаа үржилд ордог
байна. Иймээс нийт насныхаа гуравны
нэгтэй нь тэнцэх хугацаанд буюу 5-10 жил ан агнахад ашиглаад байгальд нь буцаан
тавьдаг. Ингэхдээ хавар урин дулаан цаг ирж, тарвага, зурам ичээнээс гарсан,
хоолны олдоц ихтэй үед байгальд нь тавьдаг уламжлалтай.
Анчид хотол олноор явж, олон хоногоор ан авд гарахыг "Салбурын" гэдэг. Баян-Өлгий аймагт эдүгээ 400 гаруй бүргэдчин бий. 2000 оноос "Монголын бүргэдчид холбоо"-г үүсгэн байгуулж жил бүрийн 3, 10 дугаар сард Улаанбаатар хот, Баян-Өлгий аймагт "Бүргэдийн баяр" хийж байна. Мөн "Цармын бүргэд" нийгэмлэг, "Монголын шувуулахуйн холбоо" зэрэг төрийн бус байгууллагууд байгуулж, бүргэдийн тоо толгойг хамгаалах, судлах ажлуудыг мэргэжлийн хүмүүсийн оролцоогоор хийж байна.