ЗАВХАН: Өвлийн оргил ачааллын үед 600 квт эрчим хүчээр хангагдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн
Алдархаан суманд “Борх-5мвт”-ын нарны цахилгаан станцын нээлт боллоо.
“Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан дотоодоос эрчим хүчний хэрэглээгээ хангах, импортын хараат байдлаас гарах, урт хугацаанд эрчим хүч экспортлогч улс болох томоохон төсөл хөтөлбөрүүд бодит ажил хэрэг болж байна.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй, Төвийн эрчим хүчний системээс алслагдсан аймгуудад Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Азийн хөгжлийн банк (АХБ)-ны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баруун бүс нутагт барьж буй нарны цахилгаан станцууд юм.
Үүний нэг нь:
Алдархаан сумын нутаг,
Ямаатын хөндий, Цахир уулын баруун талд барьсан томоохон бүтээн байгуулалт
болох "Борх 5 МВт"-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц. Нарны
цахилгаан станцын нээлтэд, Монгол Улсын Их хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг болон аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, бүтээн
байгуулалтыг гүйцэтгэсэн удирдлагын багийн гишүүд, инженер техникийн ажилтнууд,
аймгийн удирдлагууд оролцлоо.
Нарны цахилгаан станц нь ногоон эрчим хүч юм. Нийт 10192 ширхэг дэлгэцээр дамжуулан байгалийн шавхагдашгүй хүч буюу нарнаас ялгарах энергийг ашиглаад эрчим хүчийг үйлдвэрлэж эхэллээ.
Энэхүү нарны цахилгаан станц ашиглалтад бүрэн орсноор жилд 7650 тонн хүлэмжийн хийг бууруулах боломжтой юм.
Ногоон эрчим хүчний энэхүү бүтээн байгуулалтыг Азийн хөгжлийн банкны 7,6 сая долларын санхүүжилтээр босголоо. Алдархаан суманд "Борх 5 МВт"-ын нарны станц, Улиастай суманд 3.6 МВт.цаг хүчин чадалтай батарей хуримтлуурын систем болон холбогдох дэд бүтцийг "MCS интернэйшнл" ХХК гүйцэтгэж хүлээлгэн өглөө.
“Борх 5 МВт"-ын станц нь
жилд 13244 МВт.ц эрчим хүчийг үйлдвэрлэж, нэгдсэн сүлжээнд нийлүүлснээр, Завхан
аймгийн 48022 иргэн, 8329 айл өрхийг эрчим хүчээр хангана. Мөн тогтмол ажлын
байраар 20 орчим иргэн, түр ажлын байраар 50 орчим иргэн хангагдаад байна. Энэхүү
нарны станц ашиглалтад орсноор Улиастай хот нь өвлийн
оргил ачааллын үед 6 цаг 600 квт эрчим хүчээр тасралтгүй хангагдах боломжтой
боллоо гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.