БУЛГАН: Гадаад харилцааг өргөжүүлэхэд дэвшил гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-12-12 14:49:51

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ энэ онд гадаад харилцааны чиглэлээр орон нутагтаа хөрөнгө оруулалт татах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, оюутан солилцоог өргөжүүлэхэд анхаарч ажиллалаа гэж ярилаа. Хөрш орны уламжлалт харилцаатай аймгуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ “Хамтын ажиллагаатай Булганчууд-2022” үйл ажиллагааны хүрээнд аймгийн Засаг дарга манай улсад суугаа БНПУ, Унгар Улс, БНЧУ, БНБУ, АНУ, БНСУ, Япон Улсын Элчин сайдуудтай албан уулзалт хийж, хамтын ажиллагааны талаар санал солилцон, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл урлагийн салбарын хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлснээр аймгийн эдийн засаг, нийгмийн салбарт тодорхой ахиц дэвшил гаргах бүрэн боломжтой болсон гэж аймгийн Засаг даргын Тамгын газар дүгнэж байна.

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага KOЙКА-тай 3-5 жилийн хугацаанд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, тохижилт үйлчилгээг сайжруулах, бага дунд орлоготой өрхийг дэмжих, сургалт явуулах, хөдөө аж ахуйн болон гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэлд солонгос технологийг нэвтрүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлж эхэлжээ. АНУ-ын хамтын ажиллагааны хүрээнд англи хэлний мэргэжилтэн багш ажиллаж, багш нарыг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна сурагчид, төрийн албан хаагчдад зориулсан зорилтот сургалтуудыг үнэ төлбөргүйгээр явуулж байна. Бүгд Найрамдах Беларусь улсын Жодино хотын Политехникийн коллежид гурван оюутан тус улсын “Юнайтед белаз машинери” ХХК-ийН бүрэн тэтгэлгээр суралцаж эхэлсэн байна. 

Related news