ӨВӨРХАНГАЙ: Өлзийт сумаас тав дахь "Улсын аварга малчин" төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-02-18 14:05:19

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Бар жилийн ажил үйлсээрээ шалгарч “Улсын аварга малчин” цол хүртсэн Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Борхошуу багийн малчин Ц.Отгоннасан, гэргий Б.Отгонсүрэн нарт УИХ-ын гишүүн С.Чинзориг, аймгийн Засаг дарга А.Ишдорж нар шагналыг нь гардуулж өглөө.

 

Өлзийтөөс төрсөн тав дахь “Улсын аварга малчин” Отгоннасангийнх Хужиртын Ар булагт нутаглаж байна. Сүүлийн хоёр жил нутагтаа өвөлжиж байгаа залуу аваргынх энэ жил бод, бог нийлсэн 1200 толгой мал тоолуулсан бөгөөд адуугаа оторт явуулж, үхэр, бог малтайгаа үлдсэн байна.

Дорнод, Сүхбаатараас эцэг мал авчирч, малынхаа үүлдэр угсааг сайжруулахаас гадна жилдээ багагүй тооны мал зах зээлд гаргаж эдийн засгийн эргэлтэд оруулдаг байна. “Энэ өвөл багагүй хүйтэрсэн болохоор үхрээ эрт тэжээлд оруулсан. Цас гайгүй орсон болохоор хавар ногоо сайн ургах байх” хэмээн гэрийн эзэн ярив.



Related news