“13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-03-24 17:26:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын гурван гишүүнээс Ерөнхий сайдад хандан “Хувийн хэвшил, орон нутгийн эмнэлгийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлын талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо.


Эрүүл мэндийн сайд С.Чинзориг энэ үеэр салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулаад, цаашид санхүүжилтийн шинэчлэл, эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд тулгамдаж буй асуудлуудыг дурдав. Тухайлбал, цаашдаа нийгмийн эрүүл мэнд, анхан шатны тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай анхдагч хуультай болох шаардлагатай гэлээ. Гишүүдийн зүгээс иргэд нарийн мэргэжлийн эмч, III шатлалын эмнэлэгт үзүүлэхэд чирэгдэл учруулж буй “13-ын А” маягтын асуудлыг хэрхэн зохицуулах, эмийн үнийн хэт өсөлт, чанарын асуудалд хяналт тавьж буй талаар илүүтэй лавлаж байлаа. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хариултдаа Шадар сайдтай хамтраад эмийн үнэ, чанартай холбоотой асуудалд ажлын хэсэг гаргасан. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар хамтраад өнгөрсөн долоо хоногоос эхлэн үнийн зохиомол өсөлт байгаа эсэх, чанарын асуудлаар улсын хэмжээнд эм ханган нийлүүлэх байгууллагуудад шалгалт оруулсан. Цаашдаа Эмийн тухай бие даасан хуулийн төслийг яаралтай өргөн мэдүүлж батлуулна. Түүнчлэн эмнэлгийн “13-ын А” маягт нь анхан шатныхаа эмнэлгээс тусламж, үйлчилгээ авсны дараа оношилгоо эмчилгээ хийж чадахгүй нөхцөлд дараагийн шатлал руу шилжүүлэх асуудал юм. Эмнэлгийн мэргэжилтнүүд үүнийг байх ёстой зүйл гэж ярьдаг. Харин уг маягтыг цахим болгохоор Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай ярилцаж байна гэсэн нэмэлт тайлбарыг өгч байв.


УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн асуудал байгаа учраас асуулга тавьж буйг тодотгоод орон нутгийн эмнэлэг, цаашлаад хувийн хэвшлийнхэнд нөхцөл байдал хүнд байгааг анхааруулсан. Мөн эрүүл бус эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, зөв бус байгаа Эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой асуудлыг хөндөж байгаа тул энэ асуудалд зөв бодлого, өөрчлөлт хийхийг Эрүүл мэндийн сайдаас хүссэн юм. Түүнчлэн орон нутгийн эмнэлгүүдийг онош болон “13-ын А” маягтаар хязгаарлаж буй асуудлуудыг эргэн харж, өөрчилж засахгүй бол орон нутагт эрүүл мэндийн салбар хөгжих, өсөж өндийх боломж хомс байна. Гүйцэтгэлийн санхүүжилтийн өртгийг нэмэх, хамтын төлбөр авах эрхийг нь нээж өгөх нь зүйтэй гэлээ.

Related news