Зарим яамны зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тогтоол гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2024-07-24 15:23:34

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Засгийн газрын тухай хуулийн 12-р зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу “Зарим яамны зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг өнөөдөр хэлэлцэж баталлаа.


УИХ-ын энэ сарын 10-ны өдрийн анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хууль, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хууль, тогтоомжийн төслийг хэлэлцэж баталсан. Энэ дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн шинэчлэн батлагдаж, зарим яамны нэр, эрхлэх асуудалд өөрчлөлт оруулсан билээ.


Засгийн газрын энэ сарын 17-ны хуралдаанаар яамны зохион байгуулалтын бүтцийг хуульд заасан эрхлэх асуудлын хүрээ, яамны стратегийн тэргүүлэх чиглэл, үйл ажиллагааны зорилгод нийцүүлж оновчтой тодорхойлж, яам, агентлагийн чиг үүрэг шилжсэн бол орон тоог хасаж, бууруулахгүй, Төрийн албаны тухай хуулийг мөрдөж, төрийн жинхэнэ албан хаагчдыг чөлөөлж, халахгүй, орон тоо нэмэхгүй байхад анхаарахыг Ерөнхий сайд үүрэг болгосны дагуу уг тогтоолын төслийг боловсруулжээ.


Мөн хуралдаанаар “Хяналт үнэлгээний Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журам батлах тухай”, “20 минутын хот Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журам батлах тухай”, “Алсын хараа 2050 Салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төслүүдийг хэлэлцэж батлав. 

 

Related news