БУЛГАН: Өсвөрийн шатарчид өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-03-27 12:54:26

 Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Тус тэмцээнд 17 сургууль, цэцэрлэгийн 240 гаруй өсвөрийн шатарчин долоон насны ангиллаар оюун ухаан, уран нүүдэл, авьяас чадвараа сорин өрсөлдлөө.

Аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат “Оюуны спортыг хөхиүлэн дэмжиж хөгжүүлэн, хүүхэд багачуудыг шатарт сонирхолтой болгож, төлөвшил хүмүүжилд нөлөөлөх бодлогыг хэрэгжүүлж, өсвөрийн олон шатарчин энэ тэмцээнд оролцсон нь онцлог боллоо” хэмээн хэллээ.


Тэмцээний зургаа хүртэлх насны ангиллын хөвгүүдээс Булган сумын Б.Бишрэлт, охидоос Бүрэгхангай сумын О.Нарансолонго, 7-8 насны хөвгүүдээс “Уран гараа” шатрын клубийн А.Буяндэлгэр, мөн насны охидоос Тэшиг сумын Г.Ариунсондор, 9-10 насны хөвгүүдээс Хутаг-Өндөр сумын Г.Нарансүлд, тухайн насны охидоос “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн А.Баян, 11-12 насны эрэгтэй шатарчдаас “Уран гараа” шатрын клубийн Б.Энхтогтох, эмэгтэйчүүдээс “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн Б.Мичидмаа тэргүүн байрт шалгарлаа. 


Тэмцээний 13-14 насны ангилалд эрэгтэйчүүдээс “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн Ц.Сайндаваа, эмэгтэйчүүдээс Тэшиг сумын Д.Ариунзаяа, 15-16 насны эрэгтэй шатарчдаас Хутаг-Өндөр сумын Б.Дэлгэрбаяр, мөн насны эмэгтэйчүүдээс “Уран гараа” шатрын клубийн Э.Бадамаа тэргүүн байрт орлоо. 17-18 насны эрэгтэй шатарчдаас Булган сумын гуравдугаар сургуулийн Ж.Жаргалбаяр, эмэгтэйчүүдээс Хишиг-Өндөр сумын М.Золгэрэл нар тэргүүллээ. 

Багийн дүнгээр “Уран гараа” шатрын клуб тэргүүлж, “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль, Хутаг-Өндөр сум удаах байрыг эзэлсэн байна. Шатрын спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Тэшиг сумын шатрын багш М.Цэрэнбаярмаа, Хишиг-Өндөр сумын өндөр настан Ч.Саруул нарыг аймгийн шатрын холбооноос шагнаж урамшууллаа. Өсвөрийн шатарчдын энэ удаагийн тэмцээнийг “Булганхангайн хөгжлийн төлөө” сан ивээн тэтгэсэн байна.

Related news