БУЛГАН: Б.Ариун-Эрдэнэ бүс нутаг болон хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын хуралд оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод болсон Монгол-Оросын бүс нутаг болон хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын ХV дугаар хуралд Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ оролцлоо.
Хуралдаанд Монгол Улсын
сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга болон Эрүүл мэндийн яам, Гадаад хэргийн яам, Гааль, Татварын
байгууллагууд болон Боомтын Үндэсний хорооны төлөөлөл, Булган,
Сэлэнгэ, Хөвсгөл, Баян-Өлгий аймгийн Засаг дарга нар оролцсон байна.
Булган аймаг Тэшиг сумын Бага Илэнхийн боомтын
хөгжлийн асуудлаар санал тавьжээ. Тус аймгийн Тэшиг суманд дахь
“Бага-Илэнхи”-ийн шалган нэвтрүүлэх боомтыг Монгол-ОХУ-ын хилийг хялбарчилсан
журмаар нэвтрэх тухай 1994 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хэлэлцээрийн дагуу
1997 оны 6 дугаар сард байгуулсан. 1999 онд боомтын барилга байгууламжийн
цогцолбор барьж дуусаж ашиглалтад оруулсан боловч ОХУ-ын талын боомтын барилга
баригдаж дуусаагүй, авто замын барилга байгууламжгүй учир тогтмол ашиглаагүй
байна. Тус шалган нэвтрүүлэх боомт нь хоногт 150 автомашин, 250 зорчигч шалган
нэвтрүүлэх хүчин чадалтай, хяналт шалгалтын үйл ажиллагааг технологийн горимын
дагуу явуулах нөхцөл хангасан байгууламжтай юм. Шалган нэвтрүүлэх боомт нь Тэшиг
сумын төвөөс 61, Булган аймгийн төвөөс 320 км, ОХУ-ын Буриад улсын Закаменск районоос
49 км-ийн зайд оршдог.
Энэ боомтыг ашиглалтад оруулснаар хилийн
ойролцоох Тэшиг, Хутаг-Өндөр суманд мах боловсруулах, малын тэжээл бэлтгэх
зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хамтарсан үйлдвэр байгуулах, мах, махан
бүтээгдэхүүн, ноос, ноолуур, үр тариа болон барилгын модон хийц, оёдол,
нүүрсний хилийн худалдааг өргөжүүлэх, Хөвсгөл, Байгаль нуурын орчим дахь аялал
жуулчлал хөгжүүлэх зорилгоор хоёр талын хөрөнгө оруулалтаар Булган аймгийн
Хутаг-Өндөр, Тэшиг сумыг хамруулан экологийн олон улсын аялал жуулчлалын бүс
болгох, хангайн бүсийн аймгийн иргэд, аж ахуйн нэгжүүд хойд хөрш рүү дөт замаар
харилцах боломж нээгдэх зэрэг давуу талууд бий болох юм гэж аймгийн Засаг
даргын Тамгын газар мэдээллээ.