Монгол Улс үндэсний сайн дурын хоёрдугаар илтгэлээ маргааш илгээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-06-08 10:04:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс үндэсний сайн дурын хоёрдугаар илтгэлээ НҮБ-д маргааш илгээнэ. Манай улсын тогтвортой хөгжлийн зорилт ямар түвшинд байгааг уг илтгэлээс харах боломжтой юм.


Тухайлбал, манай улс тогтвортой хөгжлийн 154 зорилтоос 83-д нь өөрчлөлт орсон үзүүлэлттэй байна. 2040 он гэхэд 32 зорилтоо хангах боломжтой бол, 36 зорилтыг эрчимжүүлэх шаардлагатай, 16 зорилтоос тодорхой хэмжээнд ухарч байгаа нь ажиглагджээ. Түүнчлэн, цар тахлын үед буюу 2020 оны үзүүлэлтээр ядуурлыг бууруулах зорилгын хувьд хамгийн сөрөг үнэлгээ авчээ.


Энэхүү илтгэлийг боловсруулахдаа Монгол, Узбекистан, Тажикистан гурван улсын хамтарсан “Twinning” хөтөлбөрт хамрагдаж, туршлага судлан, зөвлөгөө авсан байна. "Энэ нь Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад үр дүнгээ өгнө. Тогтвортой хөгжлийг орон нутагт хэрхэн нутагшуулах, санхүүжилтийг бүрдүүлэх, дата мэдээллийг нэмэгдүүлэх асуудлыг шийдэхэд чухал ач холбогдолтой " хэмээн ЭЗХЯ-ны Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөнсүх тэмдэглэв. 

 

Тэрбээр мөн “Улс орнууд үндэсний сайн дурын илтгэлээрээ ТХЗ-уудаа танилцуулдаг. Хоёрдугаар илтгэлийн тухайд цар тахлын нөлөө, геополитикийн зөрчил болон орон нутгийн хөгжил манай улсын ТХЗ-д хэрхэн нөлөөлснийг судалж оруулсан байгаа. Өнгөрсөн оны байдлыг харахад Монгол Улсад хэрэгжүүлэх зорилтуудаас эрчимжүүлэх шаардлагатай зүйлс байна. Үндэсний сайн дурын илтгэл боловсруулахдаа ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд олон талын оролцоог хангаж, удаа дараа уулзалтууд зохион байгуулан, олон байгууллага, аж ахуйн нэгжийг хамруулсан. Монгол Улсын иргэний нийгмийн байгууллагууд нийлээд хоорондоо сүлжээ байгуулан, ТХЗ-ыг үнэлж дүгнэсэн нь сайн туршлага, жишээ болсон байгаа. Бүх мэдээллээ нэг сүлжээнд оруулж, иргэдэд ойлголт мэдээлэл хүргэх платформ хэрэгтэй байна гэж дүгнэсэн. Илтгэлээ ирэх 7 дугаар сард болох НҮБ-ын дээд хэмжээний уулзалтад танилцуулна” гэлээ.

 

Манай улс үндэсний сайн дурын илтгэлээ НҮБ-д 2019 онд танилцуулж байжээ. 

Related news