Болгарын бэлгэ тэмдэг-Сарнайн баярт оролцсон товч тэмдэглэл
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Болгарын Казанлак хотод зургадугаар сарын 2-3-нд зохион байгуулсан тус улсын хилийн чанад дахь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн Дэлхийн 18 дахь уулзалтад БТА агентлагийн урилгаар Монгол Улсын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг болон Вьетнам, Алжир, Итали, Македони, Саудын Араб, Нигери, Албани, Израил, Грек, Молдав, Кот Д’Ивуар, Сенегал, Испани, Иран зэрэг 20 гаруй улсын мэдээллийн агентлагийн төлөөлөгчид оролцов. Эдгээр төлөөлөгчид мөн Болгарын бэлгэ тэмдэг болсон Сарнайн баярт оролцсон юм.
Болгарын үндэсний мэдээллийн БТА агентлагаас зохион байгуулсан чуулга уулзалтын нээлтийн ажиллагаа Казанлак хотын Иван Милевын нэрэмжит үзэсгэлэнгийн танхимд зургаадугаар сарын 2-нд ёслол төгөлдөр болсон ба чуулга уулзалтыг БТА агентлагийн Ерөнхий захирал Кирил Волчев нээж мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Мөн БНБУ-ын дэд ерөнхийлөгч Илиана Лотова, Гадаад харилцааны сайд Иван Кондов, Казанлак хотын дарга Галина Стоянова зэрэг албаны хүмүүс тус чуулга уулзалтад амжилт хүсч, мэндчилгээ дэвшүүлэв.
Түүнчлэн энэ өдөр Казанлак хотын өдөр тохиодог тул хотын төв талбайд хотын тугийг мандуулах болон хөгжин цэцэглэхийн ерөөл айлдах ёслол болж, чуулга уулзалтын зочид, төлөөлөгчид идэвхтэй оролцсон юм. Дараа нь Болгарын үндэсний хувьсгалч яруу найрагч Христо Ботевын дурсгалд зориулсан тугт жагсаал “Эрх чөлөөний төлөө тулалдаанд амь эрсэдсэн хүн үүрд мөнхөрдөг” уриан дор болсон ба чуулга уулзалтын нийт төлөөлөгчид баярын эдгээр арга хэмжээг сэтгэл хангалуун үзэж сонирхсон билээ.
Чуулга уулзалтын хоёр дахь өдрийн хуралдааны завсарлагаар Болгарын БТА агентлаг болон Вьетнам, Алжир, Иран, Испани, Сенегал, Кот Д’Ивуар зэрэг улсын мэдээллийн агентлагуудын хооронд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол болов.
Болгарын бэлгэ тэмдэг болсон Сарнайн баярыг анх 1903 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд зургаадугаар сарын эхний амралтын өдрүүдэд өргөн дэлгэр тэмдэглэдэг аж.
Энэ жилийн баярын албан ёсны үйл ажиллагаа зургаадугаар сарын 4-нд Казанлак хотын ойролцоо орших сарнайн тариалангийн нугад сарнай түүх ёслолоор эхэлдэг аж. Баярын энэ арга хэмжээг БНБУ-ын Ерөнхийлөгч Русен Радев нээж үг хэлсний дараа тус улсын төр, засгийн болон иргэд, олон нийтийн төлөөлөгчид сарнай түүх ёслол үйлддэг нь нэн сонирхолтой байлаа.
Дээрх ёслолын дараа бүгд Казанлак хотод эргэн ирж, хотын төв талбайд болдог сарнайн баярын жагсаалд оролцлоо. Энэхүү жагсаалд бүх шатны сургуулиудын үндэсний хувцсаараа гангарсан суралцагсад сургуулийнхаа туг далбааг өндөрт өргөн явж өнгөрч, тэднийг залган албан байгууллага, компани, цэргийн анги нэгтгэлийн төлөөлөгчид ёслол төгөлдөр оролцдог юм байна.
Энэ үеэр язгуур урлагийн янз бүрийн хамтлагийн тоглолт, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг нь дэлхийн олон орны жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг ажээ.
Энэхүү баярын үеэр “Сарнайн хатан хаанд” өргөмжлөх уралдааныг 1975 оноос эхлэн зохион байгуулдаг болсон ба хэргэмийг ямар ч насны эмэгтэй хүртэх боломжтой бөгөөд энэ жилийн “Сарнайн хатан хаанаар” залуухан гурван бүсгүйг өргөмжилсөн юм.
Болгарын бэлгэ тэмдэг-Сарнайн баяр ийнхүү газар газраас зорин ирж оролцогчдод мартагдашгүй нандин дурсамж үлдээлээ.
Л.Батбаяр









