Өчигдөр осол аваарын тоо 30 хувиар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-09 09:39:02

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын авто замууд өчигдөр тэг зогсолт хийжээ. 16:00 цагаас хойш хотын түгжрэл огцом нэмэгдэж, иргэд нэг байршилдаа 2-3 цаг зогссон төдийгүй халтиргаатай байсан учир авто замын осол ч их гарсан байна.


Тэгвэл энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ. Тээврийн цагдаагийн албаны статистикаар өчигдөр нийт 142 байршилд зохицуулалт хийж ажилласан бөгөөд өмнөх өдрүүдээс осол аваар 30 хувиар нэмэгдсэн болохыг онцлов.


Замын хөдөлгөөний ачаалал үүссэн шалтгаан нь нэгдүгээрт, 391 осол гарч, ослын тоо энгийн өдрүүдээс 30 хувиар өссөн. Хоёрдугаарт, нийтийн тээврээр зорчих хүн багасч, хувийн машины тоо өссөн байна. Өдөрт дунджаар нийслэлийн авто замд 140 машин нэмэгдэж байгаа аж. Гуравдугаарт, Таван шарын гармыг өчигдөр нийт 28 удаа хаасантай холбоотой бөгөөд гармын цасыг цэвэрлэхийн тулд 20 минут хөдөлгөөн зогсоосон гэв. Мөн хоёр байршилд ачааны машин эвдэрч 40-150 минут зогссон зэрэг нь авто замын ачаалал нэмэгдэхэд хүргэжээ.


Цаашид ч замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэх төлөвтэй байгаа тул зорчих замын ачаалал болон цагийн төлөвлөлтөө зөв зохион байгуулахыг онцолжТээврийн цагдаагаас анхааруулж байна.


Судалгаагаар Улаанбаатар хотын нийт хүн амын 45 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг гэсэн мэдээлэл бий. Гэвч цаг агаараас шалтгаалж энэ тоо буурдаг байна. Тиймээс хувийн автомашинаас татгалзахыг албаныхан зөвлөж байгаа юм. 

Related news