СЭЛЭНГЭ: Бага насны хүүхдийн цогц, хүртээмжтэй хөгжлийг дэмжих төсөл хэрэгжиж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨГЖЛИЙН ТӨСЛҮҮД
Сүхбаатар,
2024 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Хүүхдийг
Ивээх Сан Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Монгол
Улсын бага насны хүүхдийн цогц, хүртээмжтэй хөгжлийг дэмжих нь” төслийн Харилцан
ойлголцлын санамж бичигт Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Хүүхдийг
Ивээх Сангийн Монгол дахь Хөтөлбөрийн менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай
нар өчигдөр гарын үсэг зурлаа.
Энэхүү төсөл нийслэлийн
Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг болон Баянхонгор, Сэлэнгэ аймагт
хэрэгжих юм байна. Төслөөр эдгээр зорилтот газруудын хороодод бага насны
хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, цогц хөгжлийн дэмжлэг үзүүлэх боломжийг
бүрдүүлэх аж.
Иймээс орон нутгийн нийгмийн
үйлчилгээ үзүүлдэг төрийн өмчийн байгууллага болох өрхийн эрүүл мэндийн төв,
салбар комисс, хүүхдийн цэцэрлэг зэрэг байгууллагуудын чадавхыг бэхжүүлж, дэд
бүтцийн орчныг нь сайжруулах аж.
Түүнчлэн хүүхдийн хөгжлийн
бэрхшээлийг эрт илрүүлж, дэмжлэг үзүүлэх талаарх эцэг эх, асран хамгаалагч,
олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, үндэсний бодлогод тусгаж зөвлөмж өгөх зэрэг
ажлыг зохион байгуулах юм байна.
Мөн хүүхдийг бага ангид дэвшин
суралцах үйл ажиллагааг дэмжиж, эцэг эхчүүд болон орон нутгийн иргэдэд зориулан
нөлөөлөл, сурталчилгааны үйл ажиллагааг хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг зохион
байгуулах аж.
“Монгол Улсын бага насны
хүүхдийн цогц, хүртээмжтэй хөгжлийг дэмжих нь” төслийн Зохицуулагч Ч.Пүрэв-Очир:
-“Энэ төслөөр зорилтот орон нутагт бага насны хүүхдийн хөгжлийг цогц
хүртээмжтэй дэмжих загварыг орон нутгийн нийгмийн үйлчилгээ үзүүлэгч төрийн
өмчийн байгууллагуудад түшиглэж бий болгох зорилготой. Амжилттай хэрэгжсэн
загвар үйл ажиллагааг цаашид үндэсний болон орон нутгийн төрийн бодлогод
тусгаж, шаардлагатай эрх зүйн дэмжлэг үзүүлнэ. Төслийн эхний үе шат нэг жилийн
хугацаатай үргэлжилнэ” хэмээн ярилаа.
Хүүхдийг
Ивээх Сангаас Сэлэнгэ аймагт “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг
дэмжих” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ удаа “Монгол Улсын бага насны
хүүхдийн цогц, хүртээмжтэй хөгжлийг дэмжих нь” хоёр дахь төслөө эхлүүллээ.
Дашрамд өгүүлэхэд, “Монгол
Улсын бага насны хүүхдийн цогц, хүртээмжтэй хөгжлийг дэмжих нь” төслийн гэрээнд
гарын үсэг зурах ёслол 2024 оны 3 дугаар сарын 25-нд Япон Улсын Элчин сайдын
яаманд болж, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
Игавахара Масарү, Японы Хүүхдийг Ивээх Сангийн Олон улсын хөтөлбөрийн Азийн
бүсийн менежер Мицуаки Тоёода нар гэрээнд гарын үсэг зурсан байна.