АНУ-ын виз мэдүүлэхэд бүх насныхан ярилцлагын цаг товлох шаардлагатай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-11 11:37:38

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Бүх виз мэдүүлэгч, ялангуяа бага насны хүүхдүүд ярилцлагын цаг заавал товлох шаардлагатайг Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлэв.


Тодруулбал,  ирэх сарын 1-нээс эхлэн бүх виз мэдүүлэгч заавал ярилцлагын цаг товлосон байх шаардлагатай болжээ. Үүнд 14-өөс доош насны хүүхдүүд ч хамаарах юм. Ярилцлагын цаг товлоогүй хүүхдийн визийн мэдүүлгийг Элчин сайдын яам хүлээн авахгүй аж. 14-өөс доош насны хүүхдүүд биечлэн ярилцлагад ирэх шаардлагагүй ч хүүхдийн визийн мэдүүлгээ өгөхөд заавал хүүхдийн нэр дээр ярилцлагын цаг товлосон байх юм. 


Зарим тохиолдолд консулын зүгээс хүүхдээ биечлэн авч ирэхийг шаарддаг. Шинэ журмыг хэрэгжүүлж эхэлснээс хойш ярилцлагын цаг, эсвэл ярилцлагагүйгээр виз мэдүүлэх хөтөлбөрийн цаг товлосон бүх виз мэдүүлэгчид үйлчилнэ.


Уг журмын дагуу хэрхэн виз мэдүүлэх дэлгэрэнгүй зааварчилгааг дараах www.ustraveldocs.com/mn/mn/interview-waiver цахим хуудсаас авах боломжтой юм байна.

Related news