БУЛГАН: Ховор шувуудын дамжин өнгөрдөг Баян нуурыг сэргээж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-06-13 12:23:53

Булган, 2024 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Байгаль орчин аялал жуулчлалын газрын "Нэг сум-Нэг нуур" хөтөлбөрийн хүрээнд Туул голын сав газрын захиргаа, Баяннуур сумын ЗДТГ хамтран 556,3 сая төгрөгийн төсөвт өртгөөр ширгэж татраад байсан Баян нуурыг сэргээж,  гадаргын ус хуримтлуулах усан сан үүсгэхээр ажиллаж байна.

 


Булган аймгийн Баяннуур суманд байх Баяннуурыг сэргээх ажлыг өмнө нь Аварга гол дээр хав цөөрөм байгуулан, тэндээс ус татан Бүрд нуурыг сэргээх ажлыг амжилттай хийж байсан туршлагатай "Усны барилга" компани гүйцэтгэж байна.


Баяннуурыг сэргээхдээ 3,2 км урттай далд шугам (160 мм диаметр) 3,4 км ил далангаар ус татаж 120 м.кв талбай бүхий ус хуримтлуулах усан сан, толгойн барилга, ус чиглүүлэх барилга, өргөх станцуудыг тус тус барьж байгуулна.

 


Усны нөөцийг бохирдохоос хамгаалах, нөхөн сэргээх ажлыг Булган аймгийн Баяннуур суманд орших Баяннуурын усны түвшнийг нэмэгдүүлэн, ширгэж буй нуур тойрмыг сэргээх болон гадаргын усыг хуримтлуулж шинээр нуур, цөөрөм бий болгон сэргээх ажлыг хэрэгжүүлж байна.

 


Баяннуур нь Талын намхан гүвээний өвөрт тогтсон багахан боловч шувуудын хувьд чухал ач холбогдолтой нуур юм.

Нуурын зүүн урд хэсэг нэлээн намагжсан бөгөөд өндөр өвс ихтэй. Их хур борооны дараа энэ хавийн хотгорууд усаар дүүрч татрах үед хамгийн сүүлд устай үлддэг нь Баяннуур юм. Газар ашиглалтын үндсэн зориулалт нь малын бэлчээр болно. Баяннуурын дөнгөж өмнүүр мянганы зам дайрч гарах тул машин тогтмол явдаг.

Нуурын ус шорвог тул мал уухгүй, харин зүүн талын зэгстэй цэнгэг нуураас бод голдуу хэрэглэнэ. Хуурайшилтаас нуурын ус ихээр татарсан байна.




Ховор шувуудаас хошуу галуу, цэн тогоруу, хонин тоодог бий. Нүүдлийн шувуудаас газарзүйн популяцийн 1% давсан тоогоор хондон ангир, алаг шунгаач, цэн тогоруу, умардын хавтгаалж, ноцоо ноололдой, алаг ээтэн, Азийн сүвээ цагаан, мөнгөлөг цахлай тогтмол дамжин өнгөрнө. Нуур орчмын газарт чоно, үнэг, хярс, монгол тарвага тохиолдоно.



Related news