ДАРХАН-УУЛ: "Бүсгүй" уран сайхны киноны зургийг Дарханд хотод авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-09-04 13:04:47

Дархан, 2024 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Залуусын тодотголтой Дархан хот жилээс жилд өргөжин тэлж өнгө нэмсээр байна. Түүхт 60 жилийн ойгоороо аймгийн Засаг дарга Б.Азжаргал кинонд ээлтэй хот болж буйг олон нийтэд зарласан. Гарын таван хуруу, Зүрх зогсохгүй гээд сэтгэлд хоногшсон олон кинонд Дархан хотын тухайн цаг үеийн дүр, төрх түүх болон үлдсэн байдаг. Харин сүүлийн үеийн буй уран сайхны киноны бүрэн болон хэсэгчилсэн зураг авалтууд Дархан хотод хийж байна.


Хамгийн сүүлд хүн бүрийн зүрх сэтгэлд хоногшсон сайхан уран бүтээлтэй "Хурд" хамтлаг 30 жилийн ойдоо зориулан “Бүсгүй” бүрэн хэмжээний түүхэн уран сайхны киног бүтээж байна. Тус киноны зарим хэсгийн зураг авалтыг Дархан хотноо наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 2-ны өдрүүдэд хийлээ.




“Бүсгүй” уран сайхны киноны зохиолчоор А.Миеэгомбо, Ерөнхий продюсероор МУГЖ Д.Отгонбаяр, Ерөнхий найруулагчаар Л.Базарсад нар ажиллаж байна. Кино багийнхан тус киног энэ ондоо багтаан дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.


Кино багийнхан "Дархан-50" цогцолбор, Төмөр замын аравдугаар байр, Хуримын ордны орчим, шинэ хорооллын есөн давхар байр, хуучин хорооллын байр, үйлдвэрийн район, “Буян” захын хажуу талын талбайд, Залуучууд театр зэрэг нийт найман байрлалд кино зураг авалт хийжээ.


Тус кино зураг авалтад Улаанбаатар хотоос 50 уран бүтээлч ирсэн бол Дархан хотын 200 гаруй иргэн, уран бүтээлч зураг авалтын хугацаанд хамтран ажиллажээ.




"Кинонд ээлтэй Дархан” зорилтын хүрээнд кино бүрэлдэхүүнд аймгийн Соёл, урлагийн газар, Залуучуудын  театр, Улаанбаатар төмөр зам, ХААИС зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагууд дэмжлэг үзүүлжээ.

Related news