ХОВД: Ирэх өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-09-04 14:20:25

Жаргалант, 2024 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн 2024-2025 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлсон дүн мэдээллийг Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс танилцууллаа.   

Одоогоор нутгийн 50 орчим хувьд зуншлага хэвийн, 50 хувьд гандуу байна.

Нутгийн бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл, нутгийн 11 хувьд бэлчээрийн нөөцтэй. Мөн 9 хувьд бэлчээр хүрэлцээтэй байна.

Харин нутгийн 42 хувьд даац 1-3 дахин хэтэрсэн, 9 хувьд даац 3-5 дахин хэтэрсэн. Мөн 29 хувьд бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн байдалтай гарчээ.    

Ихэнх нутгаар бэлчээрийн ургамлын ургалт муу, сумдад малын тоо их байгаа нь бэлчээрийн даац олон дахин хэтрэх гол шалтгаан болжээ.

Бэлчээрийн даацыг сум, багийн дүнгээр авч үзвэл, Эрдэнэбүрэн сумын Харус, Мянгад сумын Баян булаг, Цагаан булан, Баян хошуу, Дөргөн сумын Агваш, Өгөөмөр, Чандмань сумын Баян хайрхан, Жаргалант сумын нийт нутаг, Буянт сумын Цагаан эрэг, Цагаан бургас, Наран хайрхан, Зэрэг сумын Гүвээ, Бураа, Хөндлөн, Мөст сумын Улаан толгой, Хужирт, Баян хайрхан, Дарви сумын Мөрөн, Булаг, Булган сумын Алаг толгой, Бүрэн хайрхан, Баян судал, Алтай сумын Тахилт, Үенч сумын Хөх үзүүр, Дуут сумын Босго зэрэг багийн нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэх эрсдэлтэй байна.   

Мянгад сумын Гахайт, Чацаргант, Дөргөн сумын Сээр, Чандмань сумын Сүлжээ, Манхан сумын Баянгол, Улаан хүрээ, Төгрөг гол,  Үенч сумын Жаргалан багийн нутгаар бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн байна.


Эрдэнэбүрэн сумын Баян гол, Хонгио, Шураг, Дөргөн сумын Аргалант, Ховд сумын Баруун салаа, Улаан бураа, Цагаан бургас, Дунд ус, Мөнххайрхан сумын нийт нутаг, Дуут сумын Хөх бэлчир, Шивэр, Манхан сумын Тахилт, Ботгон, Чандмань сумын Урд гол, Жаргалант, Тахилт, Талын булаг, Зэрэг сумын Эхэн, Дарви сумын Булаг, Мөст сумын Давст, Цэцэг гол, Цэцэг сумын нийт нутаг, Алтай сумын Бодонч, Үенч сумын Нарийн гол, Булган сумын Далт багийн нутгаар бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрчээ.

Харин Эрдэнэбүрэн сумын Намарзан, Ховд сумын Баян булаг, Алтай сумын Бодонч, Үенч сумын Улиаст, Булган сумын Баян гол, Байтаг, Дуут сумын Цагаан бургас багийн нутгаар бэлчээр бага зэргийн хүрэлцээтэй гарсан бол Алтай сумын Алтан гадас, Барлаг, Дарви сумын Мөнгөн аяга, Дэлгэр, Үенч сумын Цагаан түнгэ, Буянт сумын Норжин хайрхан, Нарийн гол Манхан, Зэрэг сумын Зэрэгийн гол дагуух нутгаар бэлчээр бага зэргийн нөөцтэй гарчээ.  

Бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн Мянгад, Дөргөн, Буянт сумын малчид хил залгаа аймаг сумын нутагт отор нүүдэл хийх, өв, тэжээл нөөцлөх, малын тоог бууруулах шаардлагатай. Мөн Дөргөн сумын малчид  Завхан аймгийн хил залгаа сум руу отроор явах боломжтой, Мөст сумын малчид Алтай, Үенч суманд отор нүүдэл хийх боломжтой ба малаа зарж, эдийн засгийн эргэлтэд оруулах, өвс, тэжээл худалдан авах ажлыг эртнээс зохион байгуулж, зудын эрсдэлээс сэргийлэхийг  Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс зөвлөлөө. 

Related news