ДОРНОД: Баталгаажсан үүлдэр, омгийн 2915 шилмэл малыг ялгажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЧойбалсан, 2024 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн
Хүнс, хөдөө, аж ахуйн газраас хонин сүрэгт хийх намрын
үзлэг ангилалтыг 6 сумын 43 малчин өрхийн 23665 толгой малыг хамруулан хийж дууслаа.
Баталгаажсан үүлдэр,
омгийн хонийг өөр дотор нь цэврээр үржүүлэх, цөм сүргийн тоог өсгөх, ашиг
шимийн чанарыг бататган, үржлийн ажлыг сайжруулах, хээлтэгч, хээлтүүлэгчийг
үндсэн сайжруулагчаар ашиглах зорилготой тус ажлыг орон нутгийн болон АДАПТ
төслийн хамтарсан хөрөнгө оруулалтаар “Үет цагааны гол” мал үржүүлэг,
технологийн ажил үйлчилгээний нэгж гүйцэтгэсэн байна.
Үүнд:
-Сэргэлэн сумын 13
малчин өрхийн Үзэмчин үүлдрийн 6765 толгой хонь,
-Хөлөнбуйр сумын 9
малчин өрхийн Барга үүлдрийн 6700 толгой хонь,
-Дашбалбар сумын 8
малчин өрхийн Буриад омгийн 7100 толгой хонь,
-Баяндун сумын 5 малчин
өрхийн Буриад омгийн 1200 толгой хээлтүүлэгч хонь,
-Цагаановоо сумын 5
малчин өрхийн Буриад омгийн 1300 толгой хонь,
-Баян-Уул сумын 3 малчин
өрхийн Буриад омгийн 600 толгой гээд нийт 23665 толгой хонинд
үзлэг ангилалт хийж, шилмэл 2915 хонийг ялгажээ. Мөн үржлийн болон хэрэгцээний
малын тоог ч гаргасан байна.
Цөм сүрэг бүрдүүлсэн
малчин өрхөд батламж олгож, Үзэмчин, Барга, Буриад омгийн хонины талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.