Санхүүгийн тогтвортой байдлын тайлан гаргалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-09 17:43:02

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монголбанк, СЗХ хамтран Монгол Улсын “Санхүүгийн тогтвортой байдлын тайлан”-гийн 18 дахь дугаарыг гаргалаа. 


Тайланд, эдийн засгийн сэргэлт, олон улсын зах зээл дэх түүхий эдийн үнийн өсөлт, дээд түвшинд хүрсэн нүүрсний экспортын нөлөөгөөр урсгал данс, төлбөрийн тэнцэл 2023 онд ашигтай гарлаа. Харин энэ оны эхний хагаст арилжааны болон хөнгөлөлттэй нөхцөлтэй гадаад зээл, бондууд, своп хэлцлийн томоохон төлбөрүүдийг хийж, валютын гарах урсгал их байсан нь төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлөв. Ийнхүү томоохон төлөлт хийснээр манай улсын ирэх онуудад хүлээгдэж буй том дүнтэй гадаад өрийн эргэн төлөлт бага болсныг онцолсон байна. 


Мөн, Монголбанк Хятадын Ардын банктай өнгөрсөн онд байгуулсан своп хэлцлийн 1.5 тэрбум юанийг эргэн төлж, гадаад валютын албан нөөц энэ оны эхний улиралд 5.2 тэрбум ам.долларт хүрч өссөн. Харин энэ оны 4 дүгээр сард тус своп хэлцлийн 4.5 тэрбум юанийн эргэн төлөлтийг нэмж хийснээр 6 дугаар сарын байдлаар гадаад валютын албан нөөц 4.8 тэрбум ам.долларт хүрсэн. Хөдөлмөрийн захын төлөв сайжирч, өрхийн дундаж орлого өссөн ч хүнсний бус бараа, үйлчилгээний зарлагаас шалтгаалан өрхийн зарлага тэлж, нийт дүнгээрээ өрхийн орлого, зарлагын зөрүү сөрөг хэвээр байгаа. Энэхүү сөрөг зөрүүгээ зээлээр санхүүжүүлж, өрхийн секторын эмзэг байдал нэмэгдэх эрсдэлтэй. Эдийн засгийн сэргэлтийг даган бизнесүүд идэвхжиж, аж ахуйн нэгжийн тоо нэмэхийн хамт үйл ажиллагаагаа зогсоосон аж ахуйн нэгжийн тоо багаслаа. Эдийн засгийн идэвхжил, түүхий эдийн экспортын таатай байдал үргэлжилснээр төсвийн орлого бүрдүүлэлт нэмэгдэж, төсвийн тэнцэл сайжирсныг тэмдэглэжээ. 


Түүнчлэн, банкны салбар тэлж, нийт актив, зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеийнхээс 29.7-31.5 хувиар нэмэгджээ. Зээлийн өсөлтийн дийлэнхийг бизнесийн, иргэдийн хэрэглээний зээлийн өсөлт бүрдүүлэв. Банкны зээлийн эх үүсвэрийг бизнесийн зээл рүү чиглүүлэх, үйл ажиллагааг нь дэмжсэний дүнд хувийн байгууллагад шинээр олгосон зээлийн өсөлт сэргэлээ. Банкны салбарын нийт зээлд эзлэх хэрэглээний зээлийн хэмжээ 2023 оныхоос нэмэгдэж байна. Тус салбарын эрсдэл даах чадварын үзүүлэлтүүд энэ оны 6 дугаар сарын байдлаар өөрийн хөрөнгө, эрсдэлээр жигнэсэн активын, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын, гадаад валютын позицын харьцаа төв банкнаас тогтоосон шалгууруудыг хангаж байна. Банкны салбар 2023, 2024 оны эхний хагас жилд ашигтай ажиллажээ.


ББСБ-аас олгосон иргэдийн зээлийн хэмжээ 2019 оноос хойш хурдтай нэмэгдэж байна. Тодруулбал, энэ оны 2 дугаар улиралд ББСБ-ын иргэдийн зээлийн үлдэгдэл 4.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 49.3 хувиар, 2018 оны эцсээс 5.7 дахин нэмэгдэв. Банк, ББСБ-д давхар зээлтэй иргэд, зээлийн дүн нэмэгдэж, санхүүгийн системд эрсдэл тулгарч болзошгүй байна. Давхар зээлтэй иргэдийн банкны зээлийн үлдэгдэл 2023 оны 5 дугаар сарынхтай харьцуулахад 44.2, ББСБ-ын зээлийн үлдэгдэл 53.4, зээлдэгчдийн тоо 26.4 хувиар нэмэгдсэн. Эдгээр иргэд сөрөг шоктой тулгарч, зээлийн эргэн төлөлт хүндэрвэл банк, санхүүгийн системийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй. Санхүүгийн зохицуулагч байгууллагаас хөрөнгийн зах зээлийг дэмжих, орчныг боловсронгуй болгоход анхаарч байгаа нь хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өсөх, хөрвөх чадвар сайжрах нөхцөл бүрдүүлжээ. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ энэ оны эхний хагас жилийн байдлаар 11.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 2.8 хувиар өссөн бол нийт арилжсан үнэт цаасны дүн өмнөх оны мөн үеийнхээс 59.3 хувиар нэмэгдэв. ББСБ-уудын нийт хөрөнгө, зээл олголт тэлсээр байна. Тодруулбал, нийт хөрөнгө энэ оны 2 дугаар улиралд 5.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 45.9 хувиар, зээлийн хэмжээ 4.6 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 47.7 хувиар нэмэгдсэн аж.


Тайланг боловсруулахдаа албан ёсны эх сурвалж, статистикт үндэслэн макро эдийн засаг, санхүүгийн салбарын нөхцөл байдал, эрсдэл, цаашдын хандлагын талаар харилцан уялдаа бүхий бодит мэдээлэл өгөх зарчим баримталсныг төв банк мэдээлжээ. 

Related news