"Монголын сайхан бичигтэн -2024" олон улсын уралдааны шилдэг оролцогчдын шагналыг гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн "Хүмүүн бичиг" сониноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Монголын сайхан бичигтэн" олон улсын уралдааны шилдэг оролцогчдын шагнал гардуулах ёслол Чингис хаан Үндэсний музейд энэ сарын 22-нд боллоо.
Энэ удаагийн уралдаанд эх орны өнцөг булан бүрээс зургаан настай нэгдүгээр ангийн сурагчаас зуун нас зооглосон ахмад буурал хүртэл, 18 аймаг, нийслэлийн бүх дүүрэг болон БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсаас нийт 1200 гаруй сайхан бичигтэн оролцжээ.
Уралдааны шагнал
гардуулах ёслолыг нээж МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос хэлэхдээ, “Монголын
сайхан бичигтэн-2024” олон улсын уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэнг нээх,
шагнал гардуулах энэхүү хүндэтгэлийн ёслол нь Монгол Улс мянганы түүхтэй
үндэсний бичгээ төрийн харилцаанд эгүүлэн, хослуулан хэрэглэж эхэлж байгаа цаг
түүхийн нэгэн шинэ хуудастай таширлаж байгаагаараа урьд урьдынхаас онцлогтой болж
байна.
Энэ удаагийн уралдааны 8 ангилалд оролцсон 1200 гаруй хүний хамгийн отгон нь зургаан настай 1-р ангийн сурагч, хамгийн ахмад нь зуу давсан настай өтгөс буурал байна.
Уралдааны “Бичвэрийн бус бүтээл”-ийн ангилалд тэргүүн байр
эзэлсэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 34-р сургуулийн 12-ын “Б” ангийн сурагч
Ж.Ариунзул зүү ороох уламжлалт урлагийг багаасаа сайтар эзэмшиж байгаа өвлөн
тээгч гэдгээ харуулж, уралдааны бүтээлээ монгол бичгийн угалзан эвхмэл тигээр,
хөөргийн даалин хэлбэрээр урлаж оёсон нь бахдалтай байна.
Түүнчлэн Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн багш нарын олсон
наамлын бүтээл, УБ хотын “Гэгээ” ЕБС-ийн сурагчдын рубик шоог үндэсний бичигтэй
хослуулсан шийдэл загвар, мөн “Зүүн хүрээ” коллежийн багш, оюутнуудын сэргээн
өвлөж, дэлгэрүүлж байгаа үндэсний соёмбо бичиг болон монгол бичиг хосолсон
бийрийн тигийн бүтээлүүд, МУБИС-ийн оюутан С.Баярмөнхийн гар аргаар хийсэн
эсгий урлалын бүтээл зэрэг нь өнөө жилийн уралдааны өнгө аясыг ялгаруулан чимж,
шинэлэг ур чадвар, уур амьсгалыг нэвтрүүлсэн байна.
Уламжлалт уралдааны хүрээ цараа өмнөх жилийнхээс өргөжиж, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Тунляо хотын Хорчин угсаатан монголчууд, түүнчлэн Хөх нуур мужийн Дээд Монголчуудын төлөөлөл, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Улаан-Үд хотын “Титэм арт” студиэс тус тус монгол бичигтэн, уран бичээчид оролцсон нь олон улсын уралдааны утга агуулга, нэр хүндийг улам баяжууллаа” хэмээн онцоллоо.
"Монголын сайхан бичигтэн" олон улсын уралдааны шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлсэн юм. Уг мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал уншин сонордуулав.
Тус мэндчилгээнд, “Монголын сайхан бичигтэн”
уралдааныг 28 жилийн турш амжилттай зохион байгуулж, цар хүрээг нь өргөжүүлэн
олон улсын уралдаан болгож, монгол бичиг соёлоо өвлүүлэн уламжлуулах, хөгжүүлэх,
түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Үндэсний мэдээллийн
МОНЦАМЭ агентлаг, 33 жилийн түүхтэй “Хүмүүн бичиг” сонины хамт олонд гүн
талархал илэрхийлье.
Монголын шилдэг сайхан бичигтнүүдийг сонгон шалгаруулж,
алдаршуулдаг энэхүү хүндэтгэлийн ёслол “Элдэв эрдэнэт” хэмээх хөхөгчин могой
жилийн босгон дээр, төрийн албан хэргийг хос бичгээр хөтөлж эхэлж буй түүхэн цаг
үетэй давхцаж байгаагаараа онцлогтой болж байна.
Манай улс эх хэлнийхээ дархлаа, монгол сэтгэлгээний түлхүүр
болсон, монгол үндэстний төдийгүй хүн төрөлхтний оюун, соёлын үнэт өв босоо
монгол бичгээ сэргээн ирээдүй хойч үеийнхэндээ зааж сургасаар 40 дэх жилтэйгээ
золгож байна.
Энэхүү үнэт соёлоо дээдлэн дэлгэрүүлэх, хадгалж хамгаалах,
өвлүүлэн уламжлуулах зорилгоор Монгол Улсын Их хурлаас “Монгол хэлний тухай”
шинэ хуулийг 2015 онд баталж, тус хуульд зааснаар Монгол Улс 2025 оны 1-р сарын
1-ний өдрөөс төрийн албан хэргийг албан ёсоор кирилл болон үндэсний бичгээр
хослуулан хөтөлж эхэллээ.
Мянган жилийн түүхтэй, эзэн богд Чингис хааны эрхт төрийн алтан аргамж болсон босоо бичиг маань төр улсдаа эргэн залагдаж, төрийн албан ёсны хэрэглээ болж байгаад Төрийн тэргүүн баяртай байна.
Монголчууд бидний төрт ёсны олон зууны түүхийг бичиж тэмдэглэж, өвлүүлэн уламжлуулж ирсэн, Монгол соёл, сэтгэлгээний дархлаа, тусгаар улсын бэлгэ тэмдэг болсон монгол бичгээ шамдан сурч, өв соёлдоо эзэн байхыг хүүхэд залуучууд, нийт ард иргэд, монголчууддаа уриалж байна” гэжээ.
Энэ жилийн бүтээлүүд хийц, хэлбэр, загварын хувьд онцлог байна. Тухайлбал, Хүүхдийн Урлан бүтээх төвийн багш нар олсон наамал бүтээл ирүүлсэн бол МУБИС-ийн оюутан Монгол төрийн тамгыг эсгий дээр бүтээжээ.
Тус уралдааны “Бичвэрийн бус бүтээл” ангилалд дэд байрт шалгарсан Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн малчин Н.Адилбиш “Монгол Улсын төрийн дуулал” бүтээлийг зүү ороон урлажээ.
Тэрбээр, “Монгол бичгийг анх 1987 онд сурсан. Түүнээс хойш уншиж, бичилгүй удсанаас мартах аястай байгаад 2019 онд сумынхаа монгол бичгийн багш нарын сургалтад суусан юм. Нийт 10 хоногийн сургалтаар дүрэм, үсгүүдээ сайн бататгаж авсан. “Хүмүүн бичиг” сониныг 2019 оноос захиалан уншиж байгаа. Тэгээд “Монголын сайхан бичигтэн” уралдааны талаар сониноосоо мэдсэн. Ноднин оролцох гэсэн боловч отор нүүдэл хийгээд амжаагүй. Харин энэ жил уралдаанд оролцож дэд байрт шалгарсандаа баяртай байна. Зүү ороох оёдлыг ээжээрээ анх заалгаж, хөөрөгний даалин урлаад 30 гаруй жил болж байна. Бүтээлээ зүү ороож оёход хоёр сарын хугацаа зарцуулсан. Орхиц, гэзэг, шүд, гэдэс гээд үг үсгийг алдаагүй бичиж, цэвэр сайхан оёход анхаарлаа төвлөрүүлж маш хянуур хийсэн” хэмээн уралдаанд оролцсон сэтгэгдлээ хуваалцлаа.
Энэхүү уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл Чингис хаан Үндэсний музейд гарна.