Дэлхийн цомын цувралаас Н.Сэлэнгэ алт, Ч.Мандахбаяр мөнгөн медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Олон улсын уулчдын холбооноос зохион байгуулдаг мөсөнд авиралтын Дэлхийн цомын цувралын хоёр дахь тэмцээн Швейцарын Саас-Фийд хотод боллоо.
20 орны 125 шилдэг тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд манай улсаас “Сутайн бор” клубийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Н.Сэлэнгэ хурдны төрөлд алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр уг тэмцээнээс 17 хоногийн өмнө Солонгосын Чонсонд болсонд Дэлхийн цомын цувралын нээлт болон ААШТ-ээс алт, мөнгөн медалиар энгэрээ мялаасан юм.
Тэгвэл эрэгтэйчүүдийн хурдны төрөлд Дэлхийн цомын аварга, “UB Hiking” клубийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Ч.Мандахбаяр мөнгөн медалийн тавцанд зогслоо. Дэлхийн цомын цувралд манай улсаас найман тамирчин оролцож байгаа бөгөөд тэдний дараагийн тэмцээн энэ сарын 31-нд Францын Шампэйн эн Вануаз хотод болно. Улмаар АНУ-ын Лонгмонт, Канадын Эдмонтон хотод болох цуврал тэмцээнд оролцох ажээ.
Олон улсын уулчдын холбооноос мөсөнд авиралтын дэлхийн цомын цуврал тэмцээнийг 2000 оноос зохион байгуулж эхэлсэн юм.