Монголчууд Азийн өвлийн наадамд анх удаа кёрлингийн спортоор өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Хятадын Харбин хотод Азийн өвлийн IX наадам хөшгөө нээхэд 10 хоног үлджээ.
Энэ удаагийн наадамд Монгол Улсаас дөрвөн спортын долоон төрөлд 36 тамирчин өрсөлдөх бол 28 дасгалжуулагч, албаны хүн оролцох нь ээ. Дээр дурдсан долоон төрлөөс хамгийн их анхаарал татаж байгаа нь кёрлинг. Учир нь монголчууд Азийн өвлийн наадамд анх удаа кёрлингийн спортоор оролцох гэж буй юм. Тодруулбал, кёрлингийн холимог багийн төрөлд тамирчин Б.Баяр, Г.Энхзаяа нар анх удаа эх орноо төлөөлөхөөр бэлтгэлээ базааж байна.
Монголын Кёрлингийн холбоог анх 2011 онд байгуулсан бөгөөд 2012 онд Олон улсын кёрлингийн холбоо болон Ази-Номхон далайн орнуудын кёрлингийн холбооны ерөнхий ассемблейгаар гишүүнээр элсүүлсэн түүхтэй. Улмаар 2012 онд эмэгтэй шигшээ багийг анхлан багуулж, БНХАУ-ын Харбинд 21, Солонгосын Гёнсанбугду аймгийн Ысон суманд 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийж байсан юм.
Тэгвэл 2019 оноос холбооны үйл ажиллагааг дахин идэвхжүүлж, өдгөө 15 тамирчинтай болжээ. Кёрлингчид 2022 оны аравдугаар сарын Финландад болсон өсвөрийн “В” ангиллын ДАШТ-д бүтэн багаараа оролцсоноос гадна өнгөрсөн жил Норвегийн Лиллехаммер хотноо болсон залуучуудын кёрлингийн цугларалтад тамирчдаа хамруулжээ.