Иван Ярыгины нэрэмжит тэмцээнээс монголчууд хоёр мөнгөн медаль хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Красноярск хотод Олимпын хошой аварга алдарт бөх Иван Ярыгины нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын А зэрэглэлийн тэмцээн болж өндөрлөв.
36 дахь удаагийн тэмцээнд 23 орны 250 орчим тамирчин барилдсан бөгөөд манай улсаас “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, гавьяат тамирчин Б.Одончимэгийн удирдлага дор дэлхийн аварга С.Цэрэнчимэд, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа, Э.Даваанасан тэргүүтэй эрэгтэй дөрөв, эмэгтэй долоон тамирчин өрсөлдөж, хоёр мөнгөн медаль хүртжээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа, 76 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Даваанасан нар зодоглож мөнгөн медалиар энгэрээ мялаасан байна.
ОХУ-д болдог уг тэмцээнд манай улсаас тамирчид олноороо оролцдог ч энэ жил насанд хүрэгчдийн УАШТ-тэй давхацсан учир цөөн тамирчин зодогложээ.