ДОРНОД: Нийт ААНБ-ын 50 орчим хувийг эмэгтэйчүүд удирдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны гуравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Дорнод аймаг нийт 84650 хүн амтай. Үүнээс 41823 буюу 49.4 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Аймгийн Татварын хэлтэст бүртгэлтэй хоёр мянга гаруй ААНБ, компани, хоршоо, нөхөрлөлийн 50 орчим хувийг эмэгтэйчүүд удирдаж байгаа юм. Тодруулбал, 1764 компанийн 743-ыг, 87 нөхөрлөлийн 41-ийг, 82 хоршооны 32-ыг эмэгтэйчүүд удирдаж байна.
Аймгийн хэмжээнд 8427 малчин байгаагаас 2537 нь эмэгтэй. Мөн өрх толгойлсон 4250 эмэгтэй байгаагаас 18 хүртэлх насны хүүхэдтэй 1652, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй 177 эмэгтэй байна.
Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 74 байгаа нь эрэгтэйчүүдээс даруй найман жилээр урт насалж байгаа үзүүлэлт юм.
Түүнчлэн Дорнод аймгийн хэмжээнд 15-59 насны 17 мянга гаруй ажиллах хүч бий. Үүний дийлэнх хувь буюу долоон мянга гаруйг нь 30-39 насныхан эзэлж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй 1700 орчим эмэгтэй бий.